Л.Мөнхбаатар 2018.11.19 | Vip76.mn

Төр бол хууль

Төр бол хууль
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Эрх зүйт төр нь төрийн засаглалыг оновчтой зохион байгуулах үйл ажиллагаа болон хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааны бодит биелэл бөгөөд хүн төрөлхтний төрт ёсны хөгжлийн үр дүн, соёл иргэншлийн чухал ололтуудын нэг юм. Энэ ч учраас эрх зүйт төр нь орчин үеийн төрт ёсны хөгжлийн гол загвар болж байгаа билээ.

Монгол Улс ч үүний нэгэн адилаар хүний эрх, эрх чөлөөний төлөө хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн явж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бие даасан 428 хууль, Олон Улсын гэрээ конвенци 369, Улсын Их Хурлын тогтоол 2472 байна. Эдгээр хууль хөдлөшгүй байж, нийгмийн харилцааг зохицуулж байх ёстой.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал нь чадварлаг байхыг цаг үе, ард иргэд, хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахины хөгжил шаардаж байна.

УИХ-ын гишүүд дунд хуульч, эрх зүйч мэргэжилтэй 20 гаруй гишүүн байгаагаас салбартаа олон жил ажилласан, залуу хэрнээ мэргэжлийн хүн гэж тодотгож болох нь Лхагвын Мөнхбаатар билээ. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс эхлээд газрын даргаар ажилласан.

2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн тогтолцоог цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжүүлж, иргэний үнэмлэхийг биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр бүртгэж, тухайн иргэний мэдээллийг нэг дор багтаах системийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүн өнөөдөр ч харагдсаар байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

“Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олныхоо хүчээр бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгож, төгөлдөршүүлэх, бүх иргэдээ шинэчлэн бүртгэх, иргэний цахим үнэмлэх бүтээх, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, бүртгэлийн архивын бүхий л мэдээллийг цахимжуулах, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, төв, орон нутгийн салбар байгууллагуудаа техник тоног төхөөрөмжөөр хангах гээд мөн ч олон ажлуудыг хамтдаа хийж бүтээсэн он жилүүд байлаа.”

УИХ-ын өнгөрөгч хаврын чуулганаар Улсын бүртгэлийн багц хууль батлагдаж, иргэдийг чирэгдүүлж, санхүү, цаг хугацааны хувьд төвөг учруулж байсан олон төрлийн лавлагааг авахын тулд дараалалд зогсож хүлээхгүйгээр шийдүүлэх боломжтой болсон. Тус хууль 2018 оны 11 сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улсын хууль эрх зүйн орчин өдрөөс өдөрт улам сайжирч, чанаржиж байна. Үүний цаана нийгмийн олон шинэ шинэ харилцаа хууль журмын зохицуулалт шаардан хүлээж байна. Жишээлбэл Нүүдэлчин Монголчууд бэлчээрээ хуульчилж, малаа даатгалжуулж, малчид нь нийгмийн даатгал төлж, тэтгэвэрт гардаг болж, газраа хувьчилж авахын чинээ төсөөлөөгүй явсан цаг саяхан. Харин энэ бүхэн эрх зүйт төрийн дор хуулийн зохицуулалтанд орсон билээ.

Үүний нэгэн адил далайд гарцгүй Монгол Улс Усан замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулсан хуультай болох нэн шаардлага үүсээд байна. Далайд биш ч томоохон нууруудад хийгдэж байгаа усан замын тээврийн хөдөлгөөнийг хуулиар зохицуулах шаардлага үүссэнийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар олж харан, “Усан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг санаачлан, хуулийн төслийг боловсруулах ажилдаа эртнээс оржээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн парламент гуравдахь намартайгаа золгож байна. Энэ хугацаа ажил хийх сэтгэлтэй хүнд бага хугацаа боловч 2020 оны ээлжит сонгууль хүртэл үлдсэн цагт Эх орны хоймор нутгаас төрийн үйл хэрэгт түмнийхээ итгэлийг тээж ирсэн түүнд хийхээр төлөвлөсөн ажил их бий.

Ц.Соёлмаа