БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Россотрудничество" агентлагийн захиралтай уулзлаа
2018.11.20

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Россотрудничество" агентлагийн захиралтай уулзлаа

БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын "Россотрудничество" агентлагийн орлогч захирал П.А.Швецовтой уулзаж хоёр улсын дээд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Б.Дэлгэрмаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллаганы газрын дарга Т.Ууганбаяр, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирал Д.Мандах нарын албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сүүлийн жилүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид манай талд олгож буй квотыг бүрэн ашиглан, суралцах чиглэлийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэх шаардлагатай байгааг харгалзан тодорхойлох талаар тодорхой санал тавилаа.

  БСШУСЯ-ны бодлогоор ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Их сургуульд 10 монгол оюутныг тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хэлний бэлтгэлд суралцаж буй. Үүнтэй холбогдуулан тусгай хэрэгцээт боловсролын нарийн мэргэжлийн логопед, тифлопедагог, сурдопедагог, олигофренопедагог зэрэг мэргэжлээр багш бэлтгэх шаардлагатай байгаа, түүнчлэн Монгол Улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ажиллаж буй багш нарыг ОХУ-ын их дээд сургуулиудад урт болон богино хугацаагаар мэргэшүүлэх сургалтуудад хамруулахаас гадна тус улсаас мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулах саналыг тавилаа.

  2018 оны хоёрдугаар сард Москва хотноо Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, Монгол Улсаас ОХУ-д жил бүр 500 оюутныг тус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сургахаар болсон. Энэ хүрээнд 2019, 2020 онд Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд, тухайлбал, инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр оюутнуудыг түлхүү суралцуулах саналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа онцгойлон анхаарахыг хүслээ.

   Мөн ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Рерихийн гэр музей, Улаанбаатар хот дахь Рерихийн музей болон Оросын Соёл, шинжлэх ухааны төв-РЦНК нарын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Рерихийн төвөөр дамжуулан хоёр улсын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж, үзэсгэлэн зохион байгуулан түүний үлдээсэн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж түүнчлэн хүүхэд залууст өвлүүлэн үлдээх талаар тохиролцлоо.