Ж.Сандагсүрэн 2018.11.21 | iToim.mn

Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүрэг 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 360 сая төгрөгийн зээл олгоод байна

Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүрэг 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 360 сая төгрөгийн зээл олгоод байна

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүн, гар урлалын зүйлийг худалдан борлуулах, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг танилцуулах өдөрлөгийн энэ сарын 20-23-ны хооронд зохион байгуулж байна. 

Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 7200 гаруй иргэн байдаг бөгөөд төсөл хөтөлбөрт 100 гаруй хүн хамрагдаад байгаа бөгөөд тэдгээрийн 30 гаруй нь өдөрлөгт бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёр жилийн хугацаатай, хүүгүй зээл олгодог аж. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн  “Иргэд дүүрэг, хорооноос мэдээллээ сайн авч чаддаггүй учраас боломжоо алдах тохиолдол байдаг. 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс 360 орчим сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нь зориулж зээл хэл хэлбэрээр хүүгүй олгосон. Өөр сургалт, судалгааны олон ажил дүүрэг зохион байгуулдаг. Иргэд дүүрэгтээ ирж мэдээлэл аваад, үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэж, өөрсдийнхөө боломжийг нэмэгдүүлэх боломжтой. 360 гаруй сая төгрөгийг 100 гаруй хүнд олгосон байна. нэг хүний цаана өрхийн 2-3 гишүүн байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийн өрхийн орлогыг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны иргэн Г.Ариунаа “Бид бүлэг болж ажиллаад, төсөлд орж, зээл аваад дөрвөн жил болж байна. Одоогоор 3-5-уулаа ажиллаж эсгий бүтээгдэхүүн хийж борлуулдаг. Саппаро дээр ажлын байртай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дүүргээс, төрөөс их дэмждэг. Манайх “Саян” брэнд-тэй хамтраад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Төсөлд хамрагдахгүй бол бидэнд хэн итгэж санхүүжилт өгөх вэ. Төсөлд хамрагдсанаар бидний амьдрал баталгаатай болж, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийж байна” гэсэн юм.