Бат-эрдэнэ.Ж Ундраа.А 2018.11.22 | МҮОНТВ

“ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

“ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар хамтран маргааш буюу энэ сарын 23-нд Төрийн ордонд “ЖДҮ-г жинхэнэ хэрэглэгчид хүргэе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тиймээс өчигдөр буюу энэ сарын 21-нд УИХ-ын гишүүд хамтран ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан.

Дээрх тогтоол гарын үсэг зурсан гишүүд хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэн. Уг зорилтын томоохон хэсэг болсон ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгоход жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг А.Ундраа гишүүн онцлов.

Мөн маргаашийн хэлэлцүүлгээр ЖДҮХС-гийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, шийдлийг тодорхойлно гэдгийг дурьдсан юм. Мөн Архангай аймгийн Жижиг, дунд үйлдвэлэл, бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасан, “Манай аймгаас жижиг, дунд үйлдвэрийн 45 төсөл хэрэгжүүлэхэд 850 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох хүсэлтийг ЖДҮХС-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй.

Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бол 300 гаруй хүний ажлын байр бий болгож, улсад жил бүр 50 сая төгрөгийн татвар төлөх боломжийг бүрдүүлэх байсан юм. Гэвч энэхүү боломжоо төрийн өндөр албан тушаалтнуудад алдсандаа харамсаж байна” хэмээв.

Б.Заяа