Ж.Мөнхбат 2018.11.22 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Засгийн газрын сайд нар хуралд орж ир

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Ерөнхийлөгчийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийн үзэл санааг бол дэмжиж байна. Гэхдээ 2019 оны улсын төсвийг Засгийн газар өргөн барьсан. Гэтэл энэ асуудлыг хэлэлцэх үед Засгийн газрынхан яагаад орж ирэхгүй байна вэ? Сангийн сайдаас асуух шаардлага байна. Оруулж ирж асуудлаа хэлэлцэхэд оролцох хэрэгтэй. Ард иргэдийн цалин тэтгэвэр зэргийг хэлэлцэж байхад хуулийн төсөл боловсруулсан хүмүүс нь орж ирэхгүй байна.”