Ё.Баатарбилэг: Засгийн газар агаарын бохирдол буруулах чиглэлээр юу ч хийсэнгүй
2018.11.23

Ё.Баатарбилэг: Засгийн газар агаарын бохирдол буруулах чиглэлээр юу ч хийсэнгүй

Сэтгүүлч Ж.БАЯРСАЙХАН

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа. 

-Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсны нэг нь та. Таны хувьд ямар үндэслэлээр нэгдэх болов?

-Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт нэр бүхий гишүүд гарын үсэг зурж УИХ-д өргөн мэдүүлсэн. Долоон үндэслэл бий. Үүнд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон 2019 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотой асуудал байгаа. Мөн Турк сургуулийн захирлын баривчилгаатай холбоотойгоор үндэсний аюулгүй байдалтай холбож үзэх асуудал байна. Сахилга хариуцлага, зохион байгуулалт гээд Засгийн газрын үйл ажиллагаанд доголдоод байгаа зүйлсийг үндэслэлд тусгасан. Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр удаа дараа “Сахилга хариуцлагыг чангатгана, шударга ёсыг тогтооно. Үүний тулд хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ, хууль бус зүйл битгий нэхээрэй” гэж мэдэгдэж байлаа. Харамсалтай нь, Ерөнхий сайдын хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл зөрүүтэй болчихоод байна л даа.

-Тухайлбал?

-Хамгийн сүүлд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдсон сайдуудын асуудал орж ирсэн. УИХ дахь намын бүлэг энэ асуудал дээр ямар зарчмын байр суурь баримтлахаа хэлэлцээд гишүүд Ерөнхий сайдад “Сахилга хариуцлагаа чангатгаач, Засгийн газар өөр дээрээ хариуцлагын асуудал яриач” гэсэн шаардлага тавьсан.

Гэтэл УИХ дахь намын бүлгийн дарга, Улаанбаатар хотын Захирагчийн асуудлыг хариуцлагын асуудал болгож намын Удирдах зөвлөлд оруулж байгаа юм. Ингээд намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн гишүүдийг талцуулж, бөөн хэрүүл маргаан болгочихож байна. Үнэхээр сахилга хариуцлагыг чангатгаж, шударга ёсыг тогтоогоод явж байгаа бол эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайд ийм байдал гаргаж болохгүй. Нөгөө талаар Ерөнхий сайд өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийн нэг. Энэ агуулгаараа Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын өмнө яг өөрийнхөө албан тушаалаар онцгой хариуцлага, үүрэг хүлээж байгаа хүн байхгүй юу. Тэгтэл чуулганы хуралдааны индэр дээрээс гудамжинд гарч тэмцэнэ, ер нь бол хатуу ширүүн юм руу орно гэх зэргээр нийгмийг турхирсан, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр хариуцлагагүй үгийг хэлж байна. Үүнтэй нь ч уялдаж байгаа юм уу үндэсний нацист маягийн үзэл дэвэргэсэн хэвлэлийн хурал хүртэл боллоо. Намын байран дээрээ баахан цэргийнхэн цуглууллаа гэж сонсогдлоо. Бүлгийн хурал дээрээ гишүүд рүү хэл амаар давшиж, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж байсан.

Удирдах зөвлөлийн хурал дээр шорон оронд хийнэ гэдэг асуудлыг ярьж дарамталсан байдлыг үзүүлж байгаа нь өөрөө зохимжгүй. Монгол Улсын иргэнийг шүүхээр тогтоохоос өмнө гэм буруутайд тооцох ёсгүй байдаг юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдоод байгаа УИХ-ын гишүүд, сайд нарын талаар ч хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байна. Үнэхээр хамаарал бүхий компаниудаараа дамжуулж зээл авсан асуудал байгаа бол гишүүд ёс зүйн хариуцлага хүлээгээд, уучлал гуйгаад зээлээ буцааж төлөөд явах ёстой. Түрүүчээсээ ч тэгж байх шиг байна. Харин Ерөнхий сайдын байр байдлыг харахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байтлаа үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах зүйл рүү түлхэх гээд байгаа юм биш биз гэсэн болгоомжлол, айдас байна. Аль ч улсад эмх замбараагүй байдал үүсгэж түүгээрээ дамжин Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, төрийн тогтолцоонд Үндсэн хуулийн бус аргаар засвар хийх ийм асуудлууд гардаг жишээ бий. Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн улсад ийм явдал болсон. Ийм байж болохгүй л дээ.

-Гарын үсэг зураагүй гишүүд “ЖДҮХС-тай холбогдсон гишүүдэд хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Харин үүгээр шалтаглаж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй” гээд байгаа?

-Ерөнхий сайд өөрөө “Би шүдгүй арслан болчихоод байна” гэсэн. Бидний зүгээс тавьсан асуудлууд бол Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлууд байсан. Тэнд ямар ч шүдний хэрэг байхгүй. Ерөнхий сайдад ЖДҮХС биш ер нь сахилга хариуцлага алдсан, мөнгө төгрөг шамшигдуулсан бүх асуудлын хүрээнд холбогдох албан тушаалт­нуудтай хариуцлага тооцох бүрэн эрх нь байна. Намын албан тушаалтнууд хариуцлага алдсан асуудлууд байгаа бол өөрөө намын дарга шүү дээ. Удирдах зөвлөлөө хуралдуулаад тэндээсээ намын Бага хурлыг хуралдуулах бүрэн эрхтэй. Гэтэл зарим хэсэгт шударга ёсных нь “сэлэм” ажиллаад өөрийнх нь ойр дотны нөхөр, хуурай дүү нарт нь яагаад үйлчлэхгүй байгаа юм бэ. Би хувьдаа УИХ-ын гишүүн ч бай, зүгээр иргэн Ё.Баатарбилэг ч байсан ийм шударга бус зүйлийг тэвчиж чадахгүй. Ийм удирдлагыг хүсээгүй. Үнэхээр шударга байх юм байна гэж ойлгосон. Ерөнхий сайдаар томилогдсоноос нь хойш бүх асуудал дээр нь дэмжээд явж байсан. Ярьсан зүйлсээ хийхгүй байна л даа.

-Намын дотоод зөрчил Ерөнхий сайдыг огцруулах байдалд хүрлээ. Гомдогсод тогтворгүй байдал бий болголоо гэдэг яриа гарч байна. Жил гаруйн өмнө МАН өөрийнхөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байлаа. Тэр үед тогтвортой байдал ярьж байсан гишүүд одоо гарын үсэг зурчихсан байна?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байх үеийн нөхцөл байдал, огцруулсан үндэслэл өөр. Нам талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихлаа, намын дарга ажлаа өг, намынхаа Их хурлыг яаралтай хуралдуул гэдэг шаардлага явж байсан. Нөгөө талдаа хүүхдийн мөнгийг УИХ-ын шийдвэргүйгээр олголоо, баахан концесс баталсан байна гэсэн үндэслэл байсан. Тэр үеийн гурван үндэслэл бол өнөөдрийн Засгийн газрыг огцруулахаар бидний тавьж байгаа долоон үндэслэлийн дэргэд бол маш жижиг асуудал. Ядаж Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын зарчмаа барьж ажилладаг байсан юм шүү. Дотроо хэрүүлгүй Ерөнхий сайдынхаа үгээр явдаг байсан гэсэн үг. Одоогийн Ерөнхий сайд маань тэр танхимд байсан хүн. Тэгээд тэр танхимдаа ажиллаж байгаад танхимынхаа нөхөдтэй таарахгүй байна гээд босч ирээд танхимаа унагасан. Гэхдээ цаг хугацаа бас их зүйл харуулах юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад эсэргүүцээд “Энэ бол Засгийн газар огцруулах хангалттай үндэслэл биш” гээд гарын үсэг зурахгүй явж байсан өнөөдрийн Засгийн газрын нэр бүхий сайдууд өөрийнх нь ажиллаж байгаа танхим ийм олон зөрчил гаргачихаад байхад одоо албан тушаал, эрх мэдэлтэйгээ зууралдаад байж байна. Ийм зүйлийг би юу гэж нэрлэхээ мэдэхгүй юм. Миний хувьд үүнтэй эвлэрээд сууж чадахгүй. Засгийн газар огцрох эсэхийг мэдэхгүй. УИХ олонхоороо асуудлаа шийдээд явна. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр гарын үсэг зурсныхаа төлөө 27 хүн олон нийтийн хэрэгслүүдээр байж боломжгүйгээр л гутаан доромжлуулж, дайрч давшлуулж байх шиг байна. Гэхдээ тэрнээс айж, ичээд байх юм байхгүй. Харин ажлаа хийж чадахгүй, алдаа дутагдал гаргаж байгаа хүмүүс өөрсдөө ичих өдөр ирэх байх.

-Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцор гэдэг асуудлыг намын доторх хуваагдал гэж дүгнэх хүмүүс байна. Нөгөө талдаа улс эх орныхоо эрх ашгийг бодохгүй хэт их туйлширсан харагдаад байгаа?

-Тийм. Хэт их туйлширч байна. Хүйтрэх хэрээр нийслэл улам өтгөн утаатай болсоор байна. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар агаарын бохирдол бууруулах чиглэлээр юу ч хийсэнгүй. Бүр сая төсөв хэлэлцэхэд агаарын бохирдол бууруулахтай холбоотой төсвийг хасчихлаа. Энэ чинь агаарын бохирдолтой тэмцэх шаардлагагүй гэж хүлээн зөвшөөрч байна гэсэн үг шүү дээ. Бид үүнийг юу гэж ойлгох вэ. Агаарын бохирдол нийслэлийн иргэдийн нэн тулгамдсан асуудал биз дээ. Засгийн газар энэ чиглэлд дорвитой алхам хийх ёстой байсан. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг агаарын бохирдлын чиглэлээр байдгаараа шахаж, шаардаж, хурал зөвлөгөөнүүдийг нь цаг тухайд нь хийж, мэдээлэл тайлангаа ирүүлэхийг хүсч, “Хийж байгаа юмыг чинь үзье” гэж шавдуулж ажиллаж байгаа.

Харамсалтай нь, ерөөсөө хөдлөхгүй байна. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тэр сайжруулсан түлшний үйлдвэрийн ажлыг үзье Ажлын хэсгийнхэн явъя гэсэн. Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын ажлын хэсгийг тэр үйлдвэрийн ажил дээр очихыг хойшлуулаач ээ, өөрөө эхэлж очно дараа нь ажилла гэсэн байсан. Одоо хүртэл хариу байхгүй. Ингээд хамаг ажил гацаж байна. Сайд нар нь ажлаа хийдэггүй, хоорондоо хэрүүл тэмцэлтэй, ашиг сонирхлын зөрчилтэй ийм кабинетыг зохион байгуулж чадахгүй байгаа нь Ерөнхий сайдын хариуцлагын асуудал. Үнэхээр Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцож чадахгүй юм бол УИХ тарах хэрэгтэй. Би бол УИХ тарвал сонгогчид дээрээ очоод дүнгээ тавиулахаас айх юм алга. Харин ийм байдалтай 2020 он хүрэх юм бол Монгол Улс ямар нөхцөлд орохыг хэлж мэдэхгүй байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гэр хорооллын айлуудын янданд утааг бүрэн шатаах индукцийн төхөөрөмж суулгах санал оруулж ирсэн. Тэр нь олон нийтийн шүүмжлэлд өртөнгүүт шууд л төсвийг нь хасчихсан л даа. Тэгэхээр энэ өвөл утааг бууруулахаар ямар ажил хийх юм бэ?

-Ажлаа хийж чадахгүй байгаагийн л илрэл. Хийх гэж байгаа юмаа зоригтойхон хамгаалаад, яриад, олон түмэнд ойлгуулаад явах хэрэгтэй биз дээ. “Би үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ” гээд өөрөө дуугарчихсан юм бол дуугарсан шигээ явах ёстой. Гэтэл тэгж чадахгүй тэгээд агаарын бохирдол бууруулах ажил дээр байсан хэдэн төгрөгөө тануулж байвал Н.Цэрэнбатад хохино гэж хэлэхэд хаашаа юм, цаана нь иргэд хохирох гээд байгаа байхгүй юу. Үнэхээр ажлаа хариуцаж байгаа бол хариуцсан шиг хариуцаад хэдэн төгрөгийн төсвийг яаж ийж байгаад хамгаалж батлуулаад түүнийгээ дуустал нь зорьсон юмаа хийхгүй ийм үлбэгэр байвал яаж энэ ажил явах юм.