2018.11.23

Ж.Мөнхбат: Засгийн газрын 15 сайд бүгд давхар дээлтэй

Өнөөдөр /2018.11.23/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсох байсан ч түр хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Ард иргэдийн амьдрал хүндэрч байна. Ийм байхад Засгийн газар намжим суугаад байна. Сайд нар УИХ-ын чуулганы хуралдаанд орж ир. Өнөөдөр 40 гишүүн хуралд оролцож байна. Монгол төрийн сайд мөн л юм бол хуралд ирж, оролц. Чуулганы танхимын камераар бүхэлд нь харуулж өгнө үү? Засгийн газрын 15 сайд бүгд давхар дээлтэй. Дээлээ даахгүй бол тайлж болно. Чуулганы хурлын өмнө Төсвийн байнгын хорооны хуралдаанд Төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. ЗГХЭГ-ын дарга оролцсон. Одоо чуулганы хуралдаанд Сангийн сайд болон бусад сайд нар орж ир.”