Н.Амарзаяа 2018.11.27 | Үндэсний Шуудан

Н.Амарзаяа: Жилийн өмнө Засгийн газраа огцруулсны буруу нь одоо нотлогдож байна.

Н.Амарзаяа: Жилийн өмнө Засгийн газраа огцруулсны буруу нь одоо нотлогдож байна.
Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.ЦЭНД-АЮУШ

-УИХ-ын гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулна гэлээ. Энэ асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж байхад Түр хороо байгуулах шаардлага нь юу байв?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улс орны эдийн засгийн салбарын үйл ажиллагааг дэмжиж, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох зорилгоор байгуулсан сан. Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн зарим өндөр албан тушаалтан албаны эрх нөлөөгөө ашиглан өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн, зуучилж нэр холбогдсон ноцтой асуудал гарлаа. Энэ асуудалд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж, хариуцлага, ёс зүй, шударга ёсыг биднээс шаардаж байна. Иймээс цаг алдалгүй дүгнэлт гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэхийг зорьж, энэхүү Түр хороог байгуулахаар болсон юм. УИХ-д өөрт нь хуулийн хэрэгжилтийг шалгах бүрэн эрх нь бий. Иймд Түр хороог байгуулан ажиллахаар болсон.

-Хуулийн байгууллагын шалгалтад хөндлөнгөөс нө­лөөлөх вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Хуулийн байгууллагуудын шалгалтын үйл явцад хөнд­лөнгөөс нөлөөлөх ямар ч эрх бидэнд байхгүй. УИХ-ын гишүүд хуулийн дагуу өөрсдөө санаачлан уг хороог байгуулж байна. 

-Түр хорооныхон ямар үйл ажиллагаагаар хяналт тавих вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулна.Тус­гай хяналтын дэд хороо дэмж­лэг үзүүлж ажиллах болно. Энэ талаар Түр хороо байгуулах тог­тоолын төсөлд тодорхой тусгасан.

-Түр хороонд ажиллах гишүүд Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар Засгийн газрыг огцруулах гэж буйд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ч байгаа. Тэд зээлээ төлж, уучлал гуйгаад л өнгөрөх нь хэр зохистой вэ?

-Энэ асуудал Ерөнхий сайдыг огцруулахтай ямар ч хамааралгүй. Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлээс авсан нь буруу. Ер нь хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ. Мөн иргэд, олон нийтээс тавьж буй шаардлагыг хэрэгжүүлнэ.

-Нэг жил болоод л Засгийн газрыг огцруулдаг жишиг тогтох нь. Засгийн газрыг одоо огцруулах нь төрийн ажил цалгардах нөхцөл бүрдэхгүй юү?

-УИХ-ын гишүүд өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудалд хандаж байна. Хариуцлага алдсан, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэнтэй ч хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Би жишиг гэж харахгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийг харахаар шударга зүйлийн төлөө нэгдэж чадахгүй. Худал, бас буруугаа хамгаалах оролдлого хийгээд байгаа нь төрийг муухай харагдуулж байна. Төрийн ажил явдгаараа явж байгаа. Гүйцэтгэх засаглал төрийн хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Засгийн газраас УИХ руу оруулж ирж буй бүх ажлыг цаг алдалгүй дэмжиж байгаа. Харин өөрсдийн бодлогоо баримталж оруулж ирсэн 2019 оны улсын төсвийг нь УИХ бүрэн дэмжээд батлаад явуулахад одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж ярьж байгаа Засгийн тэргүүнийг хараад бүр цочирдсон. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хийснийг одоо үгүйсгэж байна гэсэн үг. Үүн дээр ч гэсэн хариуцлагатай хандах ёстой. Энэ чинь улс орны хэрэг шүү дээ. Бид хариуцлага тооцдог асуудалд хариуцлага тооцдог болъё. Өөр өөрийн ажлаа шударга нэр төртэй гүйцэтгэж сурмаар байна.

-Зарим гишүүн хариуцлага алдсан гишүүдэд хариуцлага тооцвол заавал танхимаар нь огцруулах шаардлагагүй гэж үзэж байна билээ. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хуулийн дагуу долоон үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт гарын үсгээ зурсан. Энд Засгийн газрыг огцруулах асуудлыг дурдаагүй. Хариуцлага алдсан танхимын сайд нартаа хариуцлага тооц гэсэн шаардлагыг өгсөөр байтал энэ талаар санаачилга гаргахгүй байгаа учраас дараагийн алхам хийсэн нь энэ. 

-Эрх баригч намын дотоод зөрчил улс төрийн нөхцөл байдалтай зайлшгүй холбогдож байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?

-МАН-ын хамгийн том бүтцийн байгууллага нь УИХ дахь МАН-ын бүлэг. Бүлгийн гишүүн бүр эв нэгдлийг хангаж, бодлого ярьж, хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлж, асуудалд ажил хэрэгч хандах ёстой байсан. Гэтэл бүлгийн гишүүд маань хувийн эрх ашигтаа хөтлөгдөн жилийн өмнө Засгийн газраа огцруулсны буруу нь одоо нотлогдож байна. Эрх ашгийн эрэмбээ ялгаж чадахгүй, нөгөө талаар албан тушаалаа урвуулан ашигласан гишүүдийн олонх нь Засгийн газрыг унагахын төлөө улайрч байсан шүү дээ. Тэр үе ой санамжид тодхон байна. Тэгэхээр миний байр суурь бол шударга, үнэний төлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дуу хоолойгоо хүргэж нэгдмэл, нийтийн эрх ашгийн төлөө тууштай зүтгэнэ.