А.Ундраа 2018.11.27 | Өдрийн сонин

А.Ундраа: Ерөнхий сайд ямар хүн бэ гэдгээ өдөр ирэх бүр нотлон харуулж байна

А.Ундраа: Ерөнхий сайд ямар хүн бэ гэдгээ өдөр ирэх бүр нотлон харуулж байна
Өдрийн сонины сэтгүүлч ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцрох албан бичигт 32 гишүүн гарын үсэг зуржээ. Тэдгээр гишүүд УИХ-ын даргыг огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэ нь хэр зөв алхам бэ?

-УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах бичигт өөрөө гарын үсэг зурсан мөртлөө бичгийг өргөн барихад гардан авсан нь ашиг сонирхлын зөрчил гэжээ. Гэтэл УИХ-ын дарга бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүний хувьд аливаа хууль тогтоол санаачлах, бичигт гарын үсэг зурах бүрэн эрхтэй. Харин энэ асуудлыг хэлэлцэх үеэр хурал даргалахгүй, УИХ-ын дэд дарга нарын нэг нь даргална биз ээ гэдэг байр сууриа тэрээр чуулган дээр хэлсэн. Харин Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй тул санал хураалтад оролцохгүй байх хэрэгтэй. Энэ талаар хуулийн зохицуулалт УИХ-ын Дэгийн тухай хуульд тодорхой бий.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар 27 гишүүн гарын үсгээ зураад байгаа. Та ч мөн тэрхүү албан бичигт гарын үсгээ зурсан. Таны хувьд яагаад Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм бэ?

-Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг байр сууринд хүрэхэд хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Бидний хэдэн гишүүд нийтдээ долоон шалтгааныг өргөх бичигтээ дурдсан. Тэр дундаас би гурван шалтгааныг онцолж үзэж байгаа. Ингэж үнэхээр болохгүй юм аа гэж бодсон хэрэг. Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн Засгийн газрын зөвшөөрөл, шууд дэмжлэгтэйгээр гадны тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан явдал. Мөн үүний дээр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхийн бүхий л зарчмаа алдсан явдал болсон. Энэхүү асуудал дээр Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлж тайлбар өгөөгүй.

Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь огцруулахаар ярьж байх үед “Аливаа хүчирхийллийн эсрэг дуу хоолой нь болж зогсоно” гэж эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлж байсан л даа.

Тухайн үед Ерөнхий сайд эмэгтэй гишүүдтэй маш зүй бусаар харьцаж байсан. Тэр үеэс хойш Ерөнхий сайдыг хүний эрхийн асуудлын ойлголтгүй, хүндэтгэдэггүй дээрээс нь хүчирхийллийг дэмждэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тухайн үед үнэхээр сэтгэл гонсойж байлаа.

-Таны хувьд ч гэсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг зайлшгүй онцолж үзсэн байх?

-ЖДҮХС-тай холбоотой асуудал Ерөнхий сайдыг огцруулах нэг гол шалтгаан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй, тэр нь олддоггүй хэвээрээ л байгаа шүү дээ. Бүр асар их хэрэгцээ байна. Гэтэл ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа авчихсан. Цаашлаад банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүүтэй зээлдүүлсэн бол энэ нь мөнгө угаах төрлийн гэмт хэрэг. Зориулалтын дагуу ашигласан байсан ч энэ ёс зүйгүй үйлдэл. Энэ асуудал урган гарахад ч би ийм байр суурьтай байсан. Ерөнхий сайдын хувьд энэ асуудал дээр зохих арга хэмжээг шуурхай аваагүй. Ганцхан Б.Батзориг сайдыг огцрууллаа гээд асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Танхимынх нь хэд хэдэн сайд нэр холбогдчихсон байхад яагаад шуурхай арга хэмжээ авахгүй байна вэ. Зөвхөн ЖДҮХС-д ажиллаж байсан хүмүүсийг шалгаж, хориод байгаа юм. Шийдвэр гаргасан, шийдвэр гаргахад нь нөлөөлсөн томоохон албан тушаалтнууд нь юу ч болоогүй мэт зүгээр явж байна гэдэг шударга бус. Жинхэнэ хэрэгтэнд хариуцлага тооцож чадахгүй байгаа нь зориггүй, үлбэгэр байгаагийн шинж.

Гуравдугаарт, бид Монгол Улсын төрт ёсыг сахин хамгаалах ёстой хүмүүс. Ерөнхий сайд хууль дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагатаа орж ирээд УИХ тараах тухай ярина гэдэг Монголын ард түмнийг хүндэтгэхгүй байна гэсэн үг. УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг өвөртөлж, мандат авч орж ирсэн хүмүүс. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ард түмний аль ч хэсгээс ямар ч сигментээс мандат авсан төрийн төлөөлөл биш. Тэр хүн бол УИХ-аас томилогдсон албан тушаалтан, Засгийн газрын тэргүүн. Намаас сонгогдсон намын дарга. Харин төрд төлөөлөх мандат бол шууд сонгуулиар л тийм эрх олгогдоно. Хууль ёсоор өөрт нь оноогдсон эрх үүргийнхээ хүрээ хязгаарыг мэдэхгүй, үндсэн хуулиа ч мэдэхгүй дагаж мөрдөхгүй байгаа нь огцруулах үндэслэл мөн гэж би үзэж байгаа. Парламентын засаглал бол Монголын ардчиллын ололт үнэт зүйл гэж би боддог. Олон хүн сайнтай муутай ч, нэг хүний дарангуйлалд орох эрсдэлээс сэргийлж хамтын шийдвэр гарах боломж бүрдүүлнэ. Монгол төрийг хамгаалах нь бидний үндсэн үүрэг. Тэгж гэмээнэ бид ард олноо амар тайван амьдруулах болно. Төр нь төвшин байгаа цагт улс орноо сайн сайхан болгох ажил урагшилна.

-Засгийн газар нэг л жилийн настай боллоо. Төрийн тогтворгүй байдлыг үүсгэх нь хэрэг байна уу гэх байр суурьтай хүмүүс байна. Гарын үсэг зурсан гишүүд энэ талаар бодож үзсэн байх?

-Ерөнхий сайд өөрөө жилийн өмнө Шадар сайд хийж байсан багаа унагаж тогтворгүй байдал руу хөтөлсөн. Одоо ч тогтворгүй байдал руу хөтөлж, уриалж байна. Өөрийнх нь тухай эерэг мэдээлэл бүхий зураг мэдээллээр фэйсбүүкийнхээ нүүр зургийг өөрчил, байршуул гэж төрийн албан хаагчдыг дарамталж байгаа. Энэ нь ч гэсэн хүчирхийллийн нэг хэлбэр. Албан тушаалдаа үлдэхийн тулд өөрийгөө хамгаалахыг бусдад тулгаж, мөн турхирна гэдэг байж боломгүй үйлдэл. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудна гэдэг гэмт хэргийн нэг төрөл. Энэ хүн ямар хүн бэ гэдгээ өдөр бүхэн л нотлон харуулж байна. Төрийг ажлыг цааш нь явуулъя гэвэл ажлаа хийж чаддаг, ноён нуруутай, хийрхдэггүй хүнийг Ерөнхий сайд болгох хэрэгтэй. Маш олон асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байна шүү дээ. Нүүрсний экспортын асуудал хүндэрчихлээ. Үүнийгээ дагаад манай экспортлох бүтээгдэхүүний хэмжээ багасна. Гадаад валютын урсгал буурна. Энэ мэт асуудлаа шийдэхгүй сандалдаа шигдээд байж болохгүй л дээ.

-Дараагийн ээлжийнхэн хоолондоо орохын тулд Засгийн газрыг унагаахаар зорьж байна гэх яриа байна л даа. Таныг Эрчим хүчний сайд, Д.Хаянхярвааг Ерөнхий сайдын албан тушаалд санаархаж байна гэх мэдээлэл ч цахим сүлжээнд гарчээ. Энэ тухайд?

-Эрчим хүчний бодлого судлалаар хичээл зааж, эрдэм шинжилгээний ажлууд маань ч тэр чиглэлд байсан нь үнэн. Тэрийг мэддэг хүмүүсийн л гаргаж ирсэн зохиол. Бид Засгийн газрыг огцруулъя гэж гарын үсэг зурахаар сэтгэл шулуудсан. Албан тушаалын хойноос яваагүй. Монгол төрийн ноён нурууг түвшин, гүйцэтгэх засаглалын ажлыг эрчимтэй байлгахын төлөө л бид нэгдсэн. Энэ бол УИХ-ын үүрэг. Бид сонгуульд ялалт байгуулж мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэг даалгавартай орж ирсэн. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ажлыг түргэвчлэх гэж гарын үсэг зурсан юм. Сайдын албан тушаалд санаархсан зүйл байхгүй. Д.Хаянхярваа гишүүнийг Ерөний сайдад санаархаж байна гэж би л лав сонсоогүй.

-ЖДҮХС-тай холбогдсон гишүүд Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурах нь хэр ёс зүйтэй юм бэ?

-ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс дотор Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-ын гишүүдийн нэрс байгаа. Тэдгээр гишүүдийг мөнгө хүүлсэн юм биш үү гэх хардлага ч нийгэмд бий. Ийм хардлага маш хүчтэй байгаа. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. УИХ-ын гишүүд ЖДҮХС-ын асуудлаар Түр хороо байгуулахаар санал гаргасан. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээрээ л гарын үсгээ зурсан.