Суманд олон улсын загвар эмнэлэг нээгдэж, хүүхдүүд номын ордонтой боллоо
2018.11.27

Суманд олон улсын загвар эмнэлэг нээгдэж, хүүхдүүд номын ордонтой боллоо

Зууны мэдээ сонины сэтгүүлч С.УЯНГА

Өвлийн эхэн сар гарсан ч Өвөрхангай аймагт өвөл өнөтэй эхэлж, басхүү урт намар үргэлжилж байна. Хааяа нэг алаг цоог төдий харагдах цасыг эс тооцвол намар шиг налайсан өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тойргийнхоо зарим сумдад ажиллалаа.

Тэрээр улсын төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орж буй эмнэлэг, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн нээлтэд оролцонгоо хөдөөгийн хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зарим эд материалыг хүргэсэн юм. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн сонгогдсон тойргийн 12 суманд энэ онд есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагаас эхний ээлжинд Баянтээг багт 10 ортой эмнэлгийн өргөтгөл, Баянгол суманд олон улсын жишигт нийцэхүйц эрүүл мэндийн төвийн барилга, Сант суманд 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийсэн юм.

Мөн Өвөрхангай аймаг энэ жилийг Хүүхдийг дэмжих жил болгон зарлаж хүүхдийн эрүүл, аюулгүй сурч боловсорч, хөгжих талаар багагүй ажил өрнүүлсний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцаас 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж нээлтээ нийсэн Хүүхдийн номын ордон юм. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн тусламжаар Бүрд, Баянгол, Гучин-Ус, Есөнзүйл, Төгрөг сумын цэцэрлэг, сурагчдын дотуур байранд 13-15 төрлийн тоглоом, зөөлөн эдлэл, ширээ сандал зэргээр 60 сая гаруй сая төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүлж, зургаан айлд таван ханатай гэр өгснийг С.Чинзориг сайд гардууллаа.

ХӨДӨӨД АНХ УДАА ОЛОН УЛСЫН ЗАГВАР ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОВ

Хөдөөд анх удаа олон улсын жишигт нийцсэн загвар эмнэлэгтэй боллоо.

Зэргэлдээ аймаг сумдад нүүрсний уурхайгаараа алдартай, түшиц болсон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багийнхан эдгээр өдрүүдэд эмнэлгийн өргөтгөлөө хүлээж аваад сэтгэл тэнүүн байна. Улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар арван ортой, цэвэр бохирын систем шийдэгдсэн эмнэлэгтэй болсноор багийн иргэд төдийгүй ойролцоо, аймаг сумынхан ч харъяалал харгалзахгүй, дараалал багатай үйлчлүүлэх боломжтой болж байгаа аж.

Энэ талаар Баянтээг багийн эмнэлгийн эрхлэгч  Р.Алтанцацрал

“Бид өмнө нь 1964 онд баригдсан таван ортой хуучин эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй байсан. Харин одоо багийн эмнэлэг гэхэд сумын түвшинд хүрэхүйц төрөхийн өмнөх өрөө, уламжлалт, халдварт, гал тогоо зэрэг бүгд тусдаа өрөөтэйгээс гадна хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж 10 ортой боллоо. Манай багийн 1300 иргэнээс гадна Хайрхандулаан, Баруун Баян-Улаан, Баянхонгорын Өлзийт  зэрэг ойрын сумынхан үйлчлүүлдэг учраас харьцангуй ачаалал ихтэй. Жилд 2000 хүнд үйлчилдэг. Эмнэлэгт эхний ээлжинд шаардлагатай зургаан орыг Баянтээг компани, дөрвөн орыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргасан” гэж ярилаа.

Энэ үеэр Баянтээг багийн бага сургуулийн урлаг соёлын заалыг шинэчлэн засварласан талаар ч сумын удирдлагууд танилцуулж байлаа.

Үргэлжлүүлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн туузыг хайчилсан юм.

Энэхүү эрүүл мэндийн барилгыг “Химон констракшн” Японы эмнэлгийн загвараар барьсан нь хөдөөд анх удаа олон улсын жишигт нийцсэн загвар эмнэлэг болж байгаа бөгөөд тус компани өөрийн хөрөнгөөр зургаан сарын өмнө дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгч буйг нээлтийн үеэр онцоллоо. Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан талаар 

Эрүүл мэндийн төвийн дарга З.Нарантуяа

“1978 онд баригдаж 2013 онд ашиглах боломжгүй гэж актлагдсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан бол олон жил хөөцөлдсөний эцэст олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвтэй боллоо. Эрүүл мэндийн төв гурван коридортой. амбулаторийн хэсгээр үйлчлүүлэгчид нэвтрэх бол ажилчид дунд хэсгээр орж гараа угааж, ариутгана. Олон улсын стандартаар эмч, ажилчид үйлчлүүлэгчидтэй тааралдахгүй байх зохион байгуулалтын загвараар хийсэн. Мөн хэвтэн эмчлүүлэгчийн хэсэгтэй. Хоёр талдаа хаалгатай. Цэвэр бохирын системтэй. Өнгөрсөн жил Жайкагийн санхүүжилтээр 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болсон. 2D эхо аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тестийн шинжилгээнүүд авч байна” гэсэн юм.

СУМЫН БАГАЧУУД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЖ, ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ СҮНДЭРЛЭВ

Сант суманд 75 хүүхдийн шинэ цэцэрлэг нээлтээ хийж хонх цохив.

Өвөрхангай аймгийн төвд Хүүхдийн номын ордонтой боллоо. Хоёр ээлжинд 300 гаруй хүүхэд үйлчлүүлэх боломжтой  Хүүхдийн номын ордон тууз хайчилсан өдрөө л хөл хөдөлгөөн өрнүүн байлаа. Аймгийн Төв номын сангийн салбар болон нээгдэж буй номын өргөө тусгай болон гэр бүлийн уншлагын танхимтай болохоор бэлтгэж байгаа талаар номын сангийн эрхлэгч Л.Анхбаяр

“Төв номын сан 47 мянган номтой. Тэндээсээ шаардлагатай номоо таталт хийдэг. Харин шинэ салбар маань одоогийн байдлаар 850 номтой болоод байна. Бид аян зарлахаас гадна хүүхдүүд  урлагийн тоглолт хийхэд хүн болгон нэг ном барьж ирсэн. Энэ мэтээр номын фондоо арвижуулж байна. Шинэ салбарт 8-12 дугаар ангийнхан 18:00 цаг хүртэл ирж ном уншдаг ч хүүхдүүдийн хүсэлтээр амралтын өдөр ажиллах талаар ярилцаж байгаа. Ер нь сүүлийн үед ном унших сонирхолтой хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Жилд 20 гаруй мянган хүн үйлчилж, 1500 хүн  шинээр карт нээлгэдэг” гэсэн юм.

Түүнчлэн Өвөрхангай аймагт хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжсэн бас нэг үйл явдал болсон Сант суманд 75 хүүхдийн  шинэ цэцэрлэг нээлтээ хийж хонх цохилоо. Урьд нь мөн л 2012 онд актлагдаж мөөгөнцөртсөн хуучин цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байсан тус сумынхан  улсын төсвийн 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэр бохир ус нь шийдэгдсэн, хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөл бүрдсэн цэцэрлэгээ хүлээж авсан юм.

Харин “Сумын хэмжээнд  цэцэрлэгийн насны 270 хүүхэд байгаагаас 113 хүүхдийг гурван бүлэгт хамруулж шинэ цэцэрлэгт хамруулж байна. Нэмэлтээр 35 хүүхэд цэцэрлэгт орох хүсэлт гаргаад байгаа ч багш, аргазүйч, эмч зэрэг 6-7 орон тоо нэмэх шаардлагатай. Илүү олон хүүхэд хамруулахын тулд холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад байна” гэж цэцэрлэгийн эрхлэгч Х.Мөнхцэцэг ярилаа.

Шинэ цэцэрлэгийн тохижилтын ажил хүндрэлтэй байсан ч эцэг эхчүүд, малчид, төрийн албан хаагчид  илбэж хивс, зурагт, сургалтын хэрэглэгдэхүүн, ардын уламжлалт ёс заншлын булангуудыг тохижуулж 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол  БСШУСЯ таван сая төгрөгийн ширээ сандал, хувцасны шкаб өгчээ.

ТАВАН СУМАНД 60 САЯ ТӨГРӨГИЙН ЭД МАТЕРИАЛ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Ийнхүү төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар энэ жил болон ирэх онд олон ажил төлөвлөж ажил хэрэг болгож байгаагийн заримтай нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Ганболд нар  танилцаж хоёр тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын туузыг хайчлав.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Ганболд “Энэ онд эхлүүлсэн бүтээн байгуулалт бүгд хугацаандаа ашиглалтад орсон. Сумдад сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон ажлууд хийгдлээ” гэдгийг онцолж байв.

Мөн дээр дурдсанчлан Тайванийн гэр бүл хүүхдийг дэмжих сангийн тусламжаар Гучин-Ус суманд  40 гудас, цагаан хэрэглэл, бүтээлэг,  Бүрдэд дөрвөн гэр, 50 хөнжил, гудас, цагаан хэрэглэл, бүтээлэг, тоглоом, Төгрөг сумын сургуульд 50 ширээ, 50 сандал, Баянголд хоёр  гэр, тоглоом, Есөнзүйлд тоглоом зэргээр 60 гаруй сая төгрөгийн эд материалаар хангалаа.

Тойргийнхоо сумдад ажиллаж, иргэдийн саналыг сонсох үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

“Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй явуулахад хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. 2018 оны төсөвт есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаж хоёр суманд эмнэлэг, цэцэрлэг, нэг суманд сургууль, спорт заал, хоёр суманд Соёлын төв барьж байна.

 Баянгол суманд цэвэрлэх байгууламжийн асуудал олон жил яригдаж байгаа. Цаашид Азийн хөгжлийн банктай ярьж байгаад цэвэрлэх байгууламжтай болохоор ажиллаж байна. Үндсэндээ 600 орчим сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

Энэ удаагийн тойрогтоо ажиллаж байгаа бас нэг томилолт нь Тайванийн гэр бүл хүүхдийг дэмжих сантай хамтраад Өвөрхангай аймагт хүүхдийг сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлэхэд шаардлагатай тоглоом, зөөлөн эдлэлийг хүлээлгэж өглөө. Дотуур байр гэхэд зөөлөн эдлэл, сурагчдын ширээ сандал хуучин, дутагдалтай байдлаар олон жил явж ирсэн.

Тиймээс Тайванийн гэр бүл хүүхдийг дэмжих санд санал тавьсны дагуу аравдугаар сарын эхээр Тайванийн гэр бүл хүүхдийн дэмжих сангийнхан сумдад бодит нөхцөл байдалтай танилцсаны мөрөөр эхний ээлжинд Бүрд, Баянгол, Төгрөг, Гучин-Ус гэсэн таван суманд 60 сая төгрөгийн эд материалын тусламж үзүүллээ.  Төгрөг сумын сургуульд сурагчдын ширээ сандал шийдвэрлэж өглөө. Цаашид Тайванийн гэр бүл хүүхдийг дэмжих сантай хамтарч  энэ ажлаа үргэлжлүүлэх санал тавьж бүх сумдыг хамруулахыг зорьж байна. Мөн сум орон нутагт ажиллаж байхад орон гэргүй хүмүүсийн асуудал яригддаг учраас зургаан иргэнд таван ханатай, бүрэн шал, давхар бүрээстэй гэрийг хүлээлгэж өглөө” гэдгийг онцоллоо.