Улаан.Ч Гарамжав.Ц Оюунчимэг.М Оюун-Эрдэнэ.Л 2018.11.27 | Vip76.mn

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.11.27/ хуралдлаа. МАН-ын УЗ нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн оролцсон байна. Учир нь Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд өнөөдөр өглөө шаардлага хүргүүлэн, хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Удирдах зөвлөлийн 13 гишүүн хуралдаж шийдвэрээ гаргажээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын эхэнд Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар намын хорооны дарга хэвээр үлдсэн байна.

Удаах хэлэлцсэн асуудал нь УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзжээ.

Удирдах зөвлөлийн хурлын дараа гишүүд Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн тухайгаа хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. Мөн УИХ-ын 35 гишүүний гарын үсэг бүхий мэдэгдэл гаргаснаа танилцуулсан юм.

Засгийн газрыг огцруулах шаардлагагүй бөгөөд олон жил хүлээгдсэн бүтээн байгуулалт, нийгмийн хариулт хүлээж байсан асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар тогтвортой үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг нийт 64 гишүүн байдаг бөгөөд тэдний 27 нь Одоогийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн гарын үсэг зурсан бол үлдсэн 37 гишүүн нь огцруулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Одоо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх учиртай юм.