Бат-эрдэнэ.Ж 2018.11.27 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮХС-ийн зээлийн асуудал төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна

Өнөөдөр /2018.11.27/ төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Ж.Бат-Эрдэнэ:

“Бид ард түмний төлөө ажиллана л гээд байдаг. Гэтэл өнөөдөр бид юу яриад байж байгаа нь бидний царай юм. Ажлын байр, ядуурал, ЖДҮ-ийг хөгжүүлье, дэмжие гэх асуудлаа байнга ярих ёстой. Ард иргэдээ ажлын байртай болгож ядуурлаас гаргах нь бидний хийх ажил.

Ерөнхий сайд аа, Би тантай сайн хамтран ажилласан. Миний саналуудыг та дэмжиж байсан. Гэхдээ ЖДҮХС-тай холбоотой энэ асуудал таалагдахгүй байна. Би таны өрөөнд ороод болохгүй байгаа хэдэн агентлагийн дарга нарыг чөлөөлөх шаардлагатай байна гэж хэлж байсан. Үнэхээр хэлдэн сайд нар нийлээд л энэ сангаас зээл аваад л явцгаасан. Үнэн шүү дээ.

Ерөнхий сайд та тэр сэлэмээ энэ асуудалд хариуцлага тооцоод сэлэмээ эргүүлэх ёстой шүү дээ. ЖДҮ-ийг хөгжүүлье гэж ярьж байсан. Үүнийг би тойргийн ард иргэддээ танилцуулж ярьсан. Гэтэл дээгүүрээ энэ мөнгийг нь хуваагаад идчихсэн байгаа нь ард иргэдийн бухимдал дургүйцэлийг бий болгож байна.

Манай тойргийн олон залуучууд бичсэн төслөө ураад хаяж, итгэл алдарч, бухимдсан мессежүүд надад ирж байна. Би Ерөнхий сайд тантай сайн хамтран ажилласан. Гэхдээ би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө бичээд таны ширээн дээр тавиад гарсан.”