Лүндээжанцан.Д 2018.11.27 | Vip76.mn

ТББХ: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ

ТББХ: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ

Өнөөдөр /2018.11.27/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд байнгын хорооны нийт 19 гишүүнээс 16 нь оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайд нар оролцсон юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралд оролцсон 16 гишүүний 10 буюу 62,5 хувь нь огцруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилох санал гаргалаа. Хуралд оролцсон гишүүд дээрх саналыг дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг ажиллуулах саналыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр тогтлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралд танилцуулахаар болсон.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм.