2018.11.28

Д.Тэрбишдагва: Нийтийн тээврийн салбартаа шинэчлэл хийх цаг болсон

Өнөөдөр /2018.11.28/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газраас 2018.11.17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Беларусь улс бол нийтийн тээврийн хөгжлөө маш сайн шийдсэн. Олон жилийн өмнө энэ улсаас манай улс хэдэн троллейбус авч байсан. Нэмж авах тухай ч яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ? Онцгой байдлын салбарт зээл тусламжаар юм авах шаардлагатай хэдий ч түүнээс ч нэн шаардлагатай зүйл нь хотын нийтийн тээврийн асуудал болоод байна. Өнөөдөр өвлийн хүйтэнд хүмүүс нийтийн тээврээр хүүхдээ ч цэцэрлэг сургуульд нь зөөж чадахгүй байдалд хүрээд байна. Тиймээс энэ зээлийн асуудлаа нийтийн тээврийн салбарт зориулж болох уу?”

Түүний асуултанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариуллаа.