Улс төрийн 14 намын төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзлаа
2018.11.28

Улс төрийн 14 намын төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентад суудалгүй14 улс төрийн намуудын төлөөллийг өнөөдөр /2018.11.28/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр улс төрийн намуудын дарга нар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, иргэдийн амьдрал, улс оронд болж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэд Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн том асуудал болж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа, иргэдийн амьдрал дордож, Улс төрийн намуудад сэхээтэн хүмүүс цөөрсөн. Сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаа доголдож байгааг онцоллоо.

Улс төрийн намын төлөөллүүд энэ нийгэмд өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа хүмүүсийг эргэж буцахгүйгээр дэмжинэ.  Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжинэ. Гэхдээ өнөөгийн энэ парламентаар хэлэлцүүлэхийн эсрэг байгаагаа хэлсэн юм. Мөн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, сонгуульд оролцох боломжыг нээхийг уриаллаа.

Тэдний хариуд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ:

“Та бүхнийг дэмжиж байгаад баяртай байна. Монгол Улс хэрхэн яаж хөгжих, ямар замаар явах вэ, бид нарын өнөөгийн байдал ард түмэнд таалагдаж байна уу гэдгийг хэлэлцэх завшаан тохиолдож байна. МАН бол Монголын ууган нам. Монголын ууган намын дарга би. Монгол Улсын Ерөнхий сайд. Монголын язгуур эрх ашгийн төлөө МАН нийцэж чадахгүй бол ардын нам биш, олигархийн нам.

Та бид нар хамтдаа тэмцэж, хамтдаа амьдарсан хүмүүс. Урьд нь би дандаа Шадар сайдын ажил хийж ирсэн. Ерөнхий сайд одоо хийж байна. Айлаар зүйрлэж хэлбэл ээжийн ажил хийж байна. Надад хоёр зам байна. Монгол Улс орон, үр хүүхэд, хөгжил дэвшлийн төлөө, шударга нийгмийн төлөө тэмцэнэ. Эсвэл энэ дотроо живээд хэд гурван хүний суудлыг тавтай сайхан суулгах асуудлыг хэлэлцэж байна. Шинэчлэх процесс бол мөнхийн зүйл. Ард түмний амьдрал сэтгэл санаанаас хоцорч болохгүй. Ард түмний амьдрал хүсэл мөрөөдөл ондоо болсон. Засч, залруулах зүйл маш их байна. 

Нэг буулган дор хамтдаа зүтгэе гэсэн чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн сэтгэлээрээ, үзэл бодлоороо дэмжихээс илүү том дэмжлэг надад алга. Та бүхэн улс төрийн намын төлөөлөл биш, ард түмний төлөөлөл. Засгийн газрын хувь заяа маргааш нөгөөдөр шийдэгдэнэ.  Ард түмэн маань эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэж бодож байгаа болохоос засгаа унагаая гэсэн бодолтой хүн цөөхөн байгаа байх. Ард түмний өргөн дэмжлэг дээр байгаа Засгийн газрыг толгойлж байна. Тийм учраас Монголын парламент зөвөөр олж харах байх" гэлээ.