Ц.Цолмон: УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
2018.11.29

Ц.Цолмон: УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.29) нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэлсэн. УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт  ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүдтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлага үүсээд байгаа тул Ёс зүйн дэд хороог хуралдтал  чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахыг хүссэн юм.   УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан билээ. Гэвч Ёс зүйн дэд хорооны  ирц хүрэхгүйн улмаас уг хороо хуралдаж чадахгүй байна. Үүнээс үүдэн Чуулганы хуралдаан хойшилж байна. Гэтэл  зарим хэвлэл мэдээлэл болон гишүүд УИХ-ын үйл ажиллагаа саатлаа, УИХ-ын дарга алга боллоо хэмээн буруу ташаа мушгин мэдээлж байна. УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдсан зүйл байхгүй, Ёс зүйн дэд хороо хуралдсаны  дараа нэгдсэн чуулган эхэлнэ” гэж  мэдэгдлээ.

Мөн  энэ үеэр УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх Р.Болд  Л.Оюун-эрдэнэ гишүүн өнөө өглөө хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. 

“Хууль хяналтын байгууллагынхан М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явуулж байна. Гишүүдийг дуудаж, улмаар Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулна гэсэн” гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ярьсан. Энэ талаар хууль хяналтын байгууллага шалган хариу ирүүлж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийг хүссэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна гэж мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.