Ундраа.А 2018.11.30 | Vip76.mn

А.Ундраа: Ардчиллын үнэт зүйлийн нэг бол үг хэлэх эрх чөлөө

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“Ардчиллын үнэт зүйлийн нэг бол үг хэлэх эрх чөлөө. Хүний хэлсэн үгийг шүүмжлэх болон үг хэлэх эрхийг нь хаах зэрэг нь үндсэн хуулиар олгогдсон эрх. Ингэснээр ажил ахих боломжыг хаадаг. Цаашлаа дарангуйллын шинжтэй болж эхэлдэг. МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн асан Гантулгыг чөлөөлж явуулахад хүчингийн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэсэн үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт ирсэнийг бид зүйтэй гэж үзэн хэвлэлийн хурал хийсний төлөө эмэгтэй гишүүдийг дуудаж зүй бусаар загнаж байсан.

Тухайн үед сэтгэл их эмзэглэж байсан. Түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гарсан ч тухайн хүнийг бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Гэтэл саяхан хүртэл тэр хүн ижил төрлийн асуудалд нэр холбогдоод байна. Тиймээс тухайн үед бидний зөв байсныг баталгаажууллаа.

ЖДҮХС-аас олгосон зээлтэй холбоотойгоор СЕО клуб болон МҮХАҮТ-аас дээрх зээлийн асуудалтай холбоотойгоор татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг сангуудад шалгалт хийх, ингэхдээ бизнесийн төлөөллийг байлцуулах зэргийг бичсэн ил захидал гаргасан байна. Гэтэл Ерөнхий сайд та чуулганы индэр дээрээ хэд хэдэн компанийн нэрийг цохон хэлж, бизнесийн нэр төрд нь халдаж байгаа нь хэр зохистой вэ?”

Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.