Чинзориг.С 2018.11.30 | Vip76.mn

С.Чинзориг: Хэрүүлээ зогсоож, асуудлаа шийдэх хэрэгтэй байна

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“МАН-д Монголын ард түмэн их итгэл өгч 65 суудал өгсөн. Гэтэл сүүлийн үеийн зун намрын хэрүүлээс болж итгэл алдарч байна. Бид асуудал шийдэх биш өөрсдөө асуудал болоод сууж байна. Нарийн хэлэхэд мань мэт нь юу булаалдаад байгааг ойлгохгүй байна. Одоо энэ хэрүүлээ зогсоогоод, шийдвэрлэх асуудалруу ормоор байна.

Залхаж байна. Засгийн газрын гишүүн учраас өмөөрч байна. Эвт шаазгай буга барина гэж үг байдаг. Олон түмнийхээ өмнө тулгамдаж байгаа олон асуудалруугаа ормоор байна. ОУВС-тай хамтраад эдийн засагт гэрэл гарсан энэ үеийг ашиглаад ажлаа хийж авмаар байна.

Бие биенийхээ муу муухайга ямар ч их мэддэг юм. Өнгөрсөн хугацаанд маш ихээр ил боллоо. Ард түмнийхээ хувьд шившиг болж дууслаа. М.Энхболд даргыг хувь хүнийх нь хувьд хэтэрхий дайрч давшилж байна. Өнөөдөр уулзсан. Түүний бие тааруу байх шиг санагдаж байна. Одоо энэ асуудлаа зогсоох хэрэгтэй. МАН-ын удирдлага ч гэсэн зөөлөн хатууг хослуулмаар байна. 2020 он удахгүй боллоо. Ард түмнийхээ өмнө юугаа хэлэх гэж байгаа юм. Амалсан амлалтаа хийх хэрэгтэй байна.”