У.Хүрэлсүх 2018.11.30 | Vip76.mn

У.Хүрэлсүх: Олигархиуд намайг худалдаж авна гэвэл худлаа. Айлгана гэвэл бүр худлаа

У.Хүрэлсүх: Олигархиуд намайг худалдаж авна гэвэл худлаа. Айлгана гэвэл бүр худлаа

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөлөө. 14 хоногийн хугацаанд шуугиан тараад байсан энэхүү асуудал эцэслэгдэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээн үзэж, кноп дарсан юм.

Харин санал хураалт явуулахын өмнөхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлсэн. 

Тэрээр: 

"Нэгдүгээрт, шударга ёсыг нийгэмд тогтоох, сахилга батыг сайжруулах чиглэлд бүх боломжтой зүйлээ дайчилж хийнэ. Хоёрдугаарт, улсынхаа эдийн засгийг тогтоож чадсан. Одоо сэргээхийн төлөө ажиллана.

МАНАН гэх хууль бусын пирамидыг эвдэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Байр сууриндаа хатуу зогсоно.

Үлдвэл парламентад сууж байгаа нилээдгүй хүмүүст хариуцлага тооцно.

Д.Хаянхярваа, М.Энхболд, С.Батболдыг огцруулах талаар ярьж, Д.Хаянхярвааг огцруулсны орой нь 27 гишүүн гарын үсэг зурсан. Эдгээр гишүүнийг бүгдийг нь буруутай гэж бодохгүй байна. Найз нөхдөө бодсон нь ч бий. Гэхдээ одоо эх орноо бод.

М.Энхболд өргөдлөө өг.

Намын даргын хувьд хэлж байна. Олон жил дарга хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл үзлээ. Одоо болно. УИХ-ын гишүүний ажлаа хий.

Хууль хяналтын байгууллага бие даасан хараат бус ажиллагаа явуулах тал дээр маш их анхаарах ёстой юм байна гэдгийг мэдлээ. Хуулийн байгууллагыг улстөрийн байгууллага болгодог хүмүүс та бид нар. Дарамтална, шахна, шаардана эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Хуулийн байгууллагууд улстөрийн ажил л хийдэг болсон. Хууль, шүүхийн байгууллага хамгийн шударга ажилладаг байгууллага байх ёстой. Энэ байгууллагуудыг шударга ажиллуулахын төлөө хамтрах ёстой. Томоохон хэргүүд байна. Энэ хэргүүдийн ард хамтдаа гарах ёстой. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Улсын өмч хөрөнгийг монголын ард түмэн эргүүлж  авах ёстой.

Эцэст нь хэлэхэд Засгийн газар тогтсон ч эс тогтсон ч нөхөр Хүрэлсүх шударга ёсны төлөө насаа дуустал, ясаа цайтал тэмцэнэ. Олигархиуд, нам дамжсан бүлэглэлүүд намайг худалдаж авна гэвэл худлаа. Айлгана гэвэл бүр худлаа" гэсэн юм.