Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас 2,34 тэрбум ам.долларын зээл, тусламж авчээ
2018.12.03

Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас 2,34 тэрбум ам.долларын зээл, тусламж авчээ

Азийн хөгжлийн банк 1991 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай түншилсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 2,14 тэрбум ам.долларын зээл, 103,8 сая ам.долларын техникийн туслалцааны буцалтгүй тусламж, 101,6 сая ам.долларын төслийн болон техникийн туслалцааны хамтарсан санхүүжилт, 94,5 сая ам.долларын Засгийн газрын бус зээл, 101,5 сая ам.доллартай тэнцэх Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилт авсан бөгөөд нийт 2,34 тэрбум ам.долларын зээл, тусламж аваад байна.

Дээрх зээл тусламжаар санхүүжүүлж хийсэн ажлуудыг салбараар нь ангилж үзвэл, Зам тээвэр, Төрийн салбарын удирдлага, Санхүү, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, Ус хангамж, хотын дэд бүтэц ба үйлчилгээний чиглэлийн төсөл, хөтөлбөрийг голлон санхүүжүүлжээ.

Азийн хөгжлийн банкнаас манай улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 50 зээл болон буцалтгүй тусламж, нийт 35 төслийг санхүүжүүлж байна. Үүнд 1,44 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлээд байгаа бол 50 төсөлд техникийн туслалцааны 47,52 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгоод байна.

Азийн хөгжлийн банк нь гишүүн орнууддаа дунджаар 4 жилийн хугацаатай стратегийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын хувьд УИХ-ын сонгуулийн хугацаанд түншлэлийн стратегиа уялдуулан хэрэгжүүлж байна. Одоо хэрэгжиж байгаа стратеги нь 2017-2020 оныг хамаарах бөгөөд Нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих, Эдийн засгийг төрөлжүүлэх дэд бүтцийг хөгжүүлэх, Байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Харин 2019-2021 оны хооронд 877,5 сая ам.долларын зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ зээл, буцалтгүй тусламжийн ихэнхийг Хөдөө аж ахуй, байгалийн нөөц болон хөдөөгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулах юм байна.

Ц.Соёлмаа