С.Эрдэнэ: Оюутолгойн гэрээний хувьд эртхэн алдаагаа засах хэрэгтэй
2010.11.03

С.Эрдэнэ: Оюутолгойн гэрээний хувьд эртхэн алдаагаа засах хэрэгтэй

Эхлээд хүний тоо ярихаасаа өмнө хүний ажиллах амьдрах наад захын орчин ахуй, бүтээн байгуулалтын асуудал гээд олон юм ярих хэрэгтэй. Эрдэнэтийн бүтээн байгуулалт эхэлснээс хойш Эрдэнэт гээд бүхэл бүтэн хот байгуулж, хүн амьдрах таатай бүх орчин бүрдүүлж байсан. Гэтэл Оюутолгойд болохоор цэргийн бааз байгуулж байгаа юм шиг, хаалттай байна. Тэнд юу болж байгааг бүү мэд. Танай сонин дээр гарсан тэр залуугийн яриа бол үнэхээр бодит байдал гэж бодож байна. Тэр хүн дунд нь ажиллаж амьдарч байгаад ирсэн болохоор бодитоор ярьж байна. Гадаадын компанийн эрх ашгийг манай төрийн эрх мэдэлтнүүд үхэн хатан хамгаалж байгаа нь ямар учиртай байна вэ? Монголчуудын эрх ашгийг яагаад үл тоогоод байгаа юм бэ. Хятад ажилчдын камп ямар хангамжтай байна. Монгол ажилчид ямар дэглэмтэй амьдарч байна. Энэ бүхнийг тэд нуугаад байх юм юу байгаа юм. Ямар цөмийн реактор байрлуулж байгаа биш.

Тэр чинь зүгээр уул уурхайн олборлолт хийж байгаа газар. Яахаараа гадны компани өөрийнхөө диктатурыг тогтоогоод Мон-гол Улсын хуулиас гадуур үйл ажиллагаа явуулаад байдаг юм. Гадаадын компани манайд үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Тэгвэл манайд тусгай хамгаалалт гаргаж, улс доторх улс байгуулахыг зөвшөөрсөн хууль манай аль ч хуульд байхгүй. Энэ байдлыг ЭБЭХ-ний сайд цээжээрээ хамгаалаад байна. Тэнд монголчуудын эрх ашгийг яаж хамгаалж, төрөөс тавьж байгаа ямар хяналт байна. Манай холбогдох яам, газар ямар шалгалт, ямар арга хэмжээ авч байгаагаа яагаад мэдээлэхгүй байгаа юм.

Баахан дарга, сайд, сэтгүүлчдийг аваачиж хооллоод гарын бэлэг өгөөд байдаг. Тэд нь ирэхээрээ амаа олохгүй магтдаг. Ингэж эх орноо худалддагаа боль л доо. Би тийм учраас Оюутолгойн асуудлаар 1 дүгээр сарын 11-нд асуулга тавьсан. Гэтэл 8 удаа хойшлуулж байгаад 10 сарын дараа орж ирэхэд Засгийн газраас ганц сайд сууж байсан.

Өөр нэг ч сайд байгаагүй. Асуудалд яаж хандаж байгаа нь харагдаж байгаа биз. Хамтарсан гэдэг нэрийн дор хариуцлага үүргээ умартсан хуйвалддаг, хувааж иддэг Засгийн газар ажиллаж байгаа учраас Монгол оронд хариуцлагын зуд гэдэг юм нүүрлэчихжээ.

Оюутолгойн асуудал эдийн засгийн асар том асуудал. Цөөн тооны олигархууд эндээс хагартлаа баяжих уу, ард түмэн амьжиргааныхаа эх үүсвэр бий болгох уу гэдэг асуудал яригдаж байна. Энэ дээр хүчтэй улс төрчийн гаргаж тавих улс төрийн орон зай үгүйлэгдээд байна. Үүргээ гүйцэтгэх ёстой улс төрийн хүчин нь уул уурхай, ашигт малтмал, мөнгө төгрөг гээд цөөн хүний эрх ашгийг илэрхийлсэн тоглоомд орчихоод байна. Үнэхээр ард түмний дуу хоолой больё гэж байгаа бол сонгуулийн үр дүнгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Ингэж гэмээ нь танай сонинд ярьсан мянга мянган Ундрахын эрх ашгийг хамгаална. Тэгэхгүй гэмээнэ нь мянга мянган хүний эрх ашгийг уландаа гишгээд Ерөнхийлөгчийн хэлдгээр 200-300 өрх айл хагартлаа баяжаад цаана нь 2-3 сая монголчууд өлөн зэлмэн үлдэх ийм л тавилан харагдаж байна.

АН түүхийн өмнө ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, хэрэгжүүлэх цаг болсон. Үүний тулд хамтарсан Засгийн газраас гарах ёстой. Ялангуяа уул уурхай, ашигт малтмал асар их мөнгөний үнэр үнэртэж байгаа энэ үед хамтарсан Засгийн газарт ордог нь хамгийн буруу. Үүний үр дүн гарч эхэлж байна. Хаана байна, нөгөө Оюутолгой байгуулагдаад монголын ард түмэн мөнгө долларт умбаад байх юм ярьсан. Гэтэл өнөөдөр төсөвт бодит байдал дээрээ мөнгө хэр орж ирж байна.

Оюутолгойн хувьд гэрэл гэгээтэй гэхээсээ илүү цаг алдаагүй дээрээ алдаагаа засах шаардлагатай. Засах боломжийг хайх хэрэгтэй. Би тэр асуулга дээр хэлсэн. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дуусмагц монголын тал 50 хувь эзэмшинэ. Тухайн үед зэсийн үнэ 3800 орчим ам.доллар байсан. Одоо 8000 гарлаа.

Зүгээр л 6000-аар бодоход л хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө. Гэтэл яах гэж 30 жилээр гэрээ хийж байгаа юм. Нийт хувьцааны дийлэнхийг гадныхны гарт байлгах сонирхлоор ингэж хийж байгаа юм. Тэр 30 жилд 10 Оюутолгойг ухаад аваад явчихна. Тэр "Бороогоулд"-ыг хар. Одоо болтол гэрээний хугацаа дуусаагүй. Гэтэл аль хэдий нь алт нь дуусчихсан. Ийм л байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.