2018.12.04

Тусгай зөвшөөрөлгүй бичил уурхайгаар дамжуулж АМНАТ-өөс "бултдаг" байдлыг зогсооно

Өнөөдөр /2018.12.04/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар жил гаруйн өмнө сайдад нэр дэвшихдээ “Алтаа олборлосон бол түүнийгээ Монголбанкинд тушаадаг байх ёстой. Татвар төлдөггүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай эрхлэгчдийг хуулийн хүрээнд ажиллахыг шаардана” хэмээн нэгдсэн чуулган дээр хэлж байсан.

Үүнийхээ дагуу тэрээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын дэмжлэгийг аван 2018 оны 11 сарын 21-ний өдөр нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Үүсээд буй нөхцөл байдал:

Өнөөдрийн байдлаар хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуулиар ЗӨВХӨН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЭЗЭМШИГЧ нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛӨХӨӨР зохицуулагджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон энэхүү нэмэлт өөрчлөлт нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ, холбогдох байгууллагуудад ТАЙЛАН, МЭДЭЭ ӨГӨХГҮЙ БАЙХ нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээллээр 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортод гарсан байна. Тухайн жилүүдэд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг л төвлөрүүлсэн байна.

34.6 - 11.1 = 23.5 тэрбум төгрөг хуулийн цоорхойгоор “урсжээ”.

Үүнээс гадна УИХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр орсон хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болж байна. Энэ хугацааг дахин сунгахгүй бол алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага ажиглагдаж байгаа юм.

Хуульд оруулах өөрлчлөлтүүд:

Батлагдсанаасаа хойш нийт 30 удаагийн өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуульд дээрх зөрчлүүд үүсээд байгаа учир дахин өөрчлөлт оруулахаар болжээ.

НЭГДҮГЭЭРТ.

Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтылн тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгасажээ.

ХОЁРДУГААРТ.

Аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд хүлээлгэх заалтыг нэмж тусгасан байна.

ГУРАВДУГААРТ.

Хуулийн төсөлтэй хамт Монголбанкны худалдан авсан алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг өөрөөр тогтоосон хуулийн заалтыг дагаж мөрдөх журмын хугацааг сунгахаар оруулжээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэглүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх болно” хэмээн өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр онцолсон юм.