Тэрбишдагва.Д Сумъяабазар.Д 2018.12.04 | Vip76.mn

Алтны татварыг 2.5 хувь хэвээр үргэлжлүүлэх нь зөв үү?

Өнөөдөр /2018.12.04/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтайгаар өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва эдийн засгийн хүндрэлтэй үед алтны татварыг 2.5-аас нь ахиулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа илэрхийлсэн. Харин УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшны өсөлт зэрэг асуудлууд тулгарч байгаа учир алтны татварыг 2.5-аар тооцож Монголбанкинд алтаа төвлөрүүлэх хэрэгтэй байгааг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Лобби ороод 2.5 хувь болж байсныг нэмэгдүүлэх ёстой

Алтны татвар 68 хувиас огцом буугаад 2.5 болсон. Тухайн үедээ би эсэргүүцэж, ядаж 5 хувьтай болгохгүй юм уу гэсэн байр суурь илэрхийлж байсан. Харин өнөөдрийн оруулж байгаа хуулиар 2.5 хэвээр нь үргэлжлүүлэх гэж байна. Ерөнхий сайд сахилга хариуцлагын асуудал их ярьж байна. Одоо энэ татварыг ядаж 5 хувь болгох хэрэгтэй. Сахилга хариуцлага эндээс л эхлэх ёстой. 5 хувь болгоход хүнд асуудал биш. Лобби ороод 2.5 болгож байсан шүү дээ.

Алт олборлох тусгай зөвшөөрөлтэй компаниуд аж ахуйн нэгжийн орлогын татвараас зугтаж олборлосон алтаа хувь иргэдийн нэр дээр тушааж хуулийн цоорхойг ашиглаж байгаа нь бодит үнэн. Хуулийн цоорхойг ашигласнаар улсын төсөвт шууд оруулах ёстой байсан ихээхэн хэмжээний мөнгө нь компаний ашиг болж байна. Тэр хэмжээгээр улсын татварын бүрдэлт багасч байна. 2017 онд Монголбанкинд алт олборлогчийн тушаасан нийт алтны 60 гаруй хувь буюу 18 орчим тонн алтны 10 орчим тонныг иргэд тушаасан мэдээ байна. Иргэдээр дамжуулж алт үйлдвэрлэгч нар татвараа төлөхгүй.

Алт тушаалтын асуудал дэлхий нийтэд 3-4 дамжлага байхад манайх 6 ба түүнээс дээш дамжлага ороод байна. Энэ болгонд татвар байхгүй. Энэ асуудалд өөрчлөлт хийж оруулах ёстой.

Оюутолгой төсөл болон бусад металлын баяжмалаар экспортонд гарч байгаа алтны тоо хэмжээ түүнд ногдох татварыг Засгийн газар бүрэн тооцуулж авах талаар Засгийн газар хуулийн төсөл оруулмаар байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд олборлосон, худалдсан алтны гарал үүслийн сертификат зайлшгүй шаардлагатай тул мөн нэмж тусгах саналууд байна. Ингэснээр татвар төлөгчдөөс зугтагчдыг зогсоох боломжтой.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн Монголбанкинд алтаа төвлөрүүлэх шаардлагатай байна

Эдийн засгийн хүндрэл, үүсээд байгаа нөхцөл байдал, валютын ханшны өсөлт зэргийг бодох хэрэгтэй. Алтны нөөц багассан учраас валютын ханш өссөн. Манайх ганц алтаа гаргаж, цэвэршүүлж, үйлдвэрүүдэд очиж цэвэршүүлж, Лондонгийн төв банкинд хадгалж байж бид алтаа биет болон биет бусаар худалдаж байна. Шороо валют болдог ганцхан зүйл бол алт. Ялангуяа монголын ААН-үүд байгаль орчноо хайрлаж, хамгаалж чаддаг, алт тушаалтаа дүрмийн дагуу тушааж чаддаг байсан бол бид ийм асуудал ярихгүй байсан. Өнгөрсөн 6 сарын хугацаанд УУХҮЯ хууль бус алт олборлож буй бичил уурхай, иргэдтэй тэмцэж байна. Дийлдэхгүй байна. Хууль хяналтын байгууллага, хил гаалийг чангатгаад, Э

рүүгийн хуулинд санкцыг нь нэмээд, хууль бусаар алт олборлосон, хил гаргасан тохоилдолд 25 жилийн ялыг өгөөд явуулах хэрэгтэй. Ийм хуулийн зохицуулалт оруулж ирнэ гэж тооцож байгаа учир намайг дэмжээрэй.

Нөгөө талаасаа олон улсын стандартад нийцсэн алт цэвэршүүлэх үйлдвэртэй болж байж, цэвэршүүлсэн алтаа Төвбанкныхаа дор хадгалаад, худалддаг тогтолцоо руу орж байж Монгол Улсын алтны нөөц, валютын нөөц нэмэгдэнэ гэж харж байна. Үүний тулд алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл явж байна. Ойрын хугацаанд дээрх хуулиудыг өргөн барьж, алт цэвэршүүлэх үйлдвэрийг богино хугацаанд барина гэж төлөвлөж байна. Казакстан улсад 3-4 үйлдвэр байдаг. Хүчирхэг эдийн засагтай болохын тулд алтаа бид өөрсдөө хадгалдаг, алтныхаа гүйлгээг, Монгол Улс өөрөө хийдэг байх ёстой.  

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан алтаа Монголбанкиндаа тушааж байж ирэх онд эдийн засгаа авч явах, валютын ханшаа бууруулах ажлыг хийх шаардлагатай байна. Тиймээс алтныхаа татварыг 2.5 дээр нь хадгалж оруулж ирэх нь зөв гэж Монголбанктай зөвшилцсөн.