Тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулна
2018.12.04

Тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурал “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, 2013 онд шинэчлэн найруулсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байна.

Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус, дүгнэлт гаргах эрх бүхий мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг хийдэлтэй байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.

Үүнээс гадна иргэдийн өргөнөөр хэрэглэх болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсэн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

Иймд дээрх бэрхшээлийг арилгах болон тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагад тулгуурлан уг хуулийн төслийг боловсруулжээ.