Г.Баярсайхан 2018.12.05 | Зууны мэдээ сонин

Г.Баярсайхан: С.Эрдэнэ 2020 онд дүнгээ тавиулна

Г.Баярсайхан: С.Эрдэнэ 2020 онд дүнгээ тавиулна

АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы байр суурийг сонслоо.

–АН-ын дүрмийн бодлогын хорооноос гишүүддээ хариуцлага тооцсон шийдвэрийг та юу гэж харж байна вэ ?
-Намын дотоод дүрэм журмын хүрээнд гишүүддээ хариуцлага тооцсон байна лээ.  УИХ-ын  гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар Засгийн газрыг огцруулах асуудал дээр  өөр байр суурьтай байсан бол Улс төрийн зөвлөлд эхнээсээ мэдэгдэх ёстой байсан. УИХ-ын гишүүн өөрийн итгэл үнэмшилд үнэнч байх ёстой. Харин үндэслэл байр сууриа намын нөхөд болон олон нийтэд зөв илэрхийлэх ёстой.  Намын улс төрийн зөвлөлдөө “Би Засгийн газрыг авч үлдэх саналтай байна” гэдгээ илэрхийлэх эрх нь бий. Тэгээд намынхаа шийдвэрт нөлөөлөх  байсан юм. Тэгээгүй шийдвэр гарсны дараа ийм байр суурь илэрхийлнэ гэдэг жаахан утгагүй юм. Нэгэнт шийд гарсан учраас намын гишүүний хувьд түүнийг дагах нь үүрэг нь шүү дээ. Улсын ч бай хувийнх ч бай бүх байгууллага өөрийн гэсэн дүрэмтэй байдаг. Тэр дүрмээ дагах ёстой байлаа. Улс төрийн нөхцөл байдал хүндхэн байна. Эрх ашгийн төлөөх тэмцлүүд хурц байна. Энэ үед намаас ийм шийдвэр гаргасан нь зөв зүйл болсон. 
–Эргээд гишүүд намаасаа гарах мэдэгдлийг хийчихлээ? 
– Хувь гишүүд ямар байр суурь илэрхийлэхийг мэдэхгүй юм. Цөөнх нь олонхоо сонсч, олонх нь цөөнхөө хүндэтгээд явах нь зүйтэй гэж харж байна. Энэ бол намын үндсэн байр суурь юм. Аливаа нам хариуцлага алдсан гишүүндээ арга хэмжээ авах нь байдаг л зүйл. Тэнгэр газар нийлсэн шиг сүржнээр хүлээж авах шаардлагагүй. Намтайгаа зөрөлдөөд гараад л явдаг. Зарим нь шийтгэлээ амсч л байсан. Эргээд намдаа орж ирдэг асуудал парламентын засаглалтай улс оронд эрүүл үзэгдэл шүү. Тэдний сонголтыг нам мэдээж хүндэтгэн хүлээж авна. 
–Сүүлийн үед АН гишүүдээ  хөөдөг нам боллоо гэж ярих болов.   Энэ талаар гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 
-Нэг хэсэг манай нам үнэхээр задгай явсан. Үүнийхээ горийг ч бид 2016 оны сонгуулиар амссан. Дуртай үедээ Ерөнхий сайдыгаа огцруулдаг, орон нутагт төв намаасаа өөр байр суурьтай, өөр шийдвэр гаргадаг байсан. Гэтэл Монгол Улсын хувь заяаг нэгдсэн байр суурьтай нам л явна гэдгийг мэдэрсэн. Одоо ч бид нэгдмэл нэг бодлоготой байж 60 тэрбум, ЖДҮХС-гаас зээл авсан гэх эрх баригчдын шударга бус зүйлтэй байж тэмцэж чадна. ЖДҮХС-гийн зээл бол ард түмэнд өгөөжөө өгч байх ёстой ийм л зүйл.  60 тэрбум бол хэзээний тодорхой болсон ийм л ойлголт. Ер нь эрх барьж байгаа МАН-ынхан ёс зүйн хэм хэмжээгээ алдаад удаж байна. Ард түмний дэмжлэгийг дахин авч чадахгүй болтлоо доройтлоо доо. Засгийн газрыг огцруулах, УИХ-ын тараах асуудлыг би дэмжиж байсан. Бүгдээрээ ард түмнээс авсан итгэлээ алдсан. 
–Танай намын хагарал ч асуудал үүсгэж эхлэх нь. Намын даргыг огцруулах асуудал ч яригдах боллоо? 
-Аливаа намд дотоод ардчилал гэж бий. Үүнийг хагарал хуваагдал гэж хүлээж авч болохгүй. Бид аливаад олонхийнхоо дуу хоолойг сонсч байна. Улс төрийн зөвлөлөөс олонхийн шийдвэр гарсан бол тухайн гишүүн үүнийг дагах учиртай. Нийт гишүүдээс сонгогдсон намын дарга ажиллаж байгаа. Тэгэхээр 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ гэдэг хүн дүнгээ тавиулна.  Одоо цаг хугацаа нь биш л дээ. 
–АН УИХ-д бүлэггүй боллоо. Энэ бол асуудал биш  үү? 
-Манай бүлэг тараагүй байгаа. УИХ-ын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Ямар тохиолдолд тарах вэ гэхээр гишүүд бүгд нийлээд таръя гэсэн шийдэлд  хүрсэн тохиолдолд тарна. Эсвэл нам нь татан буугдсан тохиолдолд тарна. Түүнээс биш үйл ажиллагаагаа хэвийн явуулна.
Т.Сайхан