Д.Сарангэрэл 2018.12.05 | Vip76.mn

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Туул голд хууль бус олборлолт хийж байгаа компаниудыг хамгаалдаг гэв үү?

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Туул голд хууль бус олборлолт хийж байгаа компаниудыг хамгаалдаг гэв үү?

Өнөөдөр /2018.12.05/ Өргөдлийн байнгын хорооны хурлаар УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.

Яамны зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэснийх хөтөлбөрийг шинээр батлуулахаар бэлтгэж байгаа юм.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл асуулт асуулаа.

Д.Сарангэрэл: "Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллаж байгаа. Ялангуяа тусгай хамгаалалтанд байгаа газрын асуудлаар Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар өргөн хүрээнд мэргэжлийн байгууллагууд хариуцсан төрийн төв байгууллагын төлөөллүүдийг байлцуулж, энэ асуудлыг хэлэлцэж байгаад талархалтай хандаж байна.

Туул голоо тусгай хамгаалалтанд авах асуудлыг Өргөдлийн байнгын хороо олон жил ярьсан. Энэ хуулийг хамтдаа санаачилж, батлуулах алхмын өмнө ирсэн. Ажил хариуцаж байсан зарим хүмүүс Туул голыг тусгай хамгаалалтад авах нь буруу. Бусад голыг ч мөн авах шаардлагатай болно гэж ярьдан. Бид яагаад ундныхаа усыг, гол нуураа хамгаалалтанд авдаггүй юм бэ? Бүгдийг нь авах шаардлагатай. Бохирдож, ус нь ширгэж байна.

Ялангуяа Туул голын хувьд Улаанбаатарчуудын 97.5 хувь нь, 5 гаруй аймгийн хүнийг ундаалдаг голоо хамгаалах чиглэлд хууль гаргахгүй бол Туул голыг тойрсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, хайрга дайрга олборлох явдал хэрээс хэтэрч байгаа.

Хэдийгээр Туул голын эргээс Хан-Уул дүүргийн 12-р хороны орчимд байгаа эргээс хайрга дайрга авахыг хориглосон боловч харамсалтай нь энэ ажил хулгайн замаар хийгдсээр байна. Бид камер тавьж цагдаа, иргэдийнхээ хяналтанд оруулсан боловч шөнө дундуур хүнд даацын машинууд давхилдаж хулгайгаар олборлох явдал үргэлжилсээр байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд бид энэ асуудлыг удаа дараа тавьсан.

Нийслэлээс хайрга дайрга олборлох шийдвэрийг цуцалсан. Гэвч энэ ажилд хяналт тавих, энэ ажиллагааг үргэлжлүүлээд байгаа аж аухйн нэгжүүдтэй хариуцлага тооцох ажлыг Эрдэнэчулуун дарга огт хийхгүй байгаа.

Өргөдлийн байнгын хороо энэ чиглэлд хууль хяналтын байгууллагад хандаж яагаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар энэ арга хэмжээнд хариуцлага тооцохгүй байна вэ, Л.Эрдэнэчулуун дарга яагаад энэ асуудлыг хамгаалаад байна вэ гэдэг дээр алхам хийх болсон.

Ялангуяа хуулиар Туул гол руу 200-500 метрийн цаашаа явах ёсгүй. Одоо бол хаяанд нь очсон. Хог шороогоор дүүргэх, элс хайргыг нь авч явна. Удахгүй Улаанбаатарчууд болон 5 аймгийн иргэд уух усгүй боллоо. А.Сүхбат гишүүн энэ ажлын хэсийг ахалж байгаа. Бид бүгдээрээ хамтран энэ төлсийг яаралтай өргөн барья. Шийдвэрийг цуцалсаар байтал өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн хүнд даацын машин явуулж, Туул голын элс, хайрга дайргыг олборлож байгаа явдлыг таслан зогсоох, энэ чиглэлдэ ажиллахгүй байгаа НМХГ-тай хариуцлага тооцох асуудлыг Өргөдлийн байнгын хороо гаргаж тавих ёстой."