О.Баасанхүү 2018.12.06 | Vip76.mn

О.Баасанхүү: Ипотекийн зээлийн хүү 3% болох боломжтой

О.Баасанхүү: Ипотекийн зээлийн хүү 3% болох боломжтой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэргэжлийн эдийн засагчдын гаргасан хэд хэдэн үндэслэлтэй орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа тухай Засгийн газар болон Монголбанкинд 4 төрлийн шаардлага хүргүүлсэн.

Түүний шаардлага мэргэжлийн хүмүүсийн судалгаан дээр үндэслэсэн учраас хүү буурах бүрэн боломжтой тухай олон нийтэд мэдээлэл өгч байсан.

Харин өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болж нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ Зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжгүй тухай мэдэгдсэн.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

“Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй байна. ОУВС-тай тохирсны дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Сангийн яаманд шилжүүлнэ. Тэр үед хүү, урьдчилгааг бууруулах боломж бүрдэнэ.” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсандаа “Өвлийн утаатай тэмцэх цорын ганц арга барилгажуулалт. Орон сууцны өртөг буулгах, зээлийн хүүг буулгах бүрэн боломж байна. Банк биднээс 4 хувь биш 2 хувь, төр банканд нийлүүлж буй мөнгөө 1 хувь болгоход 8 хувь нь 3 хувь хүртэл багасах болно.”  гэж жиргэсэн байна.

Тэрээр хэд хэдэн ярилцлагадаа,

1-рт Барилгын компаниуд орон сууцны мкв тутмынхаа үнийг бууруулах боломжтой.

2-рт Урьдчилгаа 30%-ийг 20% болгох боломжтой бүрэн тооцоолол байна. Тиймээс багасгах боломжтой.

3-рт Арилжааны банкууд 4%-ийн хүү авдаг. Яагаад үүнийг авах ёстой юм бэ? Барьцаа хөрөнгө баталгаатай байна. Мөн эргэн төлөлт хамгийн өндөр байгаа зээл. Тиймээс банкууд 4 биш 1%-иа аваад зээлээ олгох боломжтой.

Өнөөдөр зээлийн эргэн төлөлтийн сангийн мөнгө байна, зээл тусламжийн мөнгө байна, Засгийн газраас санхүүжүүлдэг эх үүсвэрээ 200 тэрбумаар нэмэгдүүллээ. Ингэхээр ипотекийн зээлийн 8%-ийн хүү буурах бүрэн боломж байна гэлээ.