2018.12.06

О.Баасанхүү: УИХ хуралдах чадамжгүй болсон бол өөрсдөө өргөдлөө өгөөд тарах хэрэгтэй

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“УИХ-ын чуулганы хуралдаанд ийм зохион байгуулалттай саад учруулж байгаад харамсч байна. Энэ асуудлаа намынхаа бүлэг дотор ярилцаад шийд. УИХ-ын үйл ажиллагаанд бүү саад учруул. Шийдэх шаардлагатай олон хууль төсөл дараалалд байна. Эдгээрт анхаарлаа хандуулмаар байна. Бусад гишүүдээ хохироох үйлдлээ боль. Улс төрийн соёл гэж бий. Эсвэл гарын үсгээ зураад ажлаа өг өө. Би аль ч талд нь орохгүй. Удахгүй эгүүлэн татах хэд хэдэн гишүүдийн нэрс орж ирэх юм шиг байна. Чуулган хуралдах чадамжгүй болсон бол өөрсдөө өргөдлөө өгөөд тарах хэрэгтэй.”