Д.Тэрбишдагва 2018.12.06 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: 68% байсан татварыг 2,5 хан хувь болгочихсон

Өнөөдрийн /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Үдээс өмнөх чуулганд олон гишүүн байсан ч одоо 10 гаруйхан гишүүн сууж байна. Үүнийг, би алтны ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд орж ирэхгүй, гаднаас лоббидуулаад явчих шиг боллоо гэж харж байна. Уг нь энэ асуудал байгаль орчин, уул уурхай, төсөв бүрдүүлэлт гэх зэргээр маш чухал юм. Гэхдээ Сумъяабазар сайд ганцаараа зүтгээд дийлэхгүй болсон.

Гааль, Хууль зүйн яам гээд бүгд л оролцож байж алтаа хяналтандаа авчихаж болох байх. Анх 68 хувийн татвар байсан. Гэтэл гэнэт л 2,5-хан хувь болох төсөл ороод ирсэн. Тухайн үед эсэргүүцээд дийлээгүй юм. 2,5 хувь гэдэг бол дэндүү бага хувь юм. Үүнийг 5 хувь ч болгох боломжтой.

2017 оны нийт аж ахуйн нэгжүүд 20 тонн алт тушаасан. 2018 онд 12 тонн алт тушаасан гэж байгаа ч дийлэнх хувь нь иргэний нэрээр тушааж аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зугтаагаад байгаа юм. Ийм асуудлыг ч засах шаардлага байна.”

Түүний асуултанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.