1200 жилийн түүхт Хятадын төрийн албаны шалгалт
2018.12.07

1200 жилийн түүхт Хятадын төрийн албаны шалгалт

Монголын мэдээ сонины сэтгүүлч Т.САНДАГ-ОЧИР 

Тав хоногийн өмнө БНХАУ-ын Төрийн албан хаагчийн 2018 оны үндэсний шалгалт болж, нийт 920 мянган хүн 14500 ажлын байрны төлөө өрсөлдсөн билээ.

Өнгөрсөн жилийн хувьд 28000 ажлын байр зарлагдаж, төрийн албан хаагч болохын төлөө 1.1 сая хүн өрсөлдсөн нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байсан.

Тодруулбал, дунджаар 64 хүний зөвхөн нэг нь л төрийн албан хаагч болж чадах учир шалгалт хэчнээн өрсөлдөөнтэй болдог вэ гэдгийн баталгаа юм. Гэхдээ тус бичгийн шалтгалтад тэнцээд шууд л төрийн албан хаагч болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, санхүү, олон нийтийн аюулгүй байдал, гадаад харилцаа гэх мэтээр өөрсдийн чиглэл чиглэлийн мэргэжлийн ур чадварын шалтгалтад дахин орж байж, төрийн албан хаагч болдог аж.

Шалгалт өрсөлдөөнтэй, тухайн хүнээс мэдлэг, чадвар ихээхэн шаарддаг учраас Хятадын төрийн албаныхны нэр хүнд ч өндөр байдаг гэнэ. 

Энэ өдөр Хятадад нийтдээ 900 шалгалт авах байр ажилласан. Маш олон хянагчид ч гарч, шалгалт өгөгчдөд шаардлага тавьж ажиллажээ.

14 мянга гаруй ажлын байрнаас хамгийн өрсөлдөөнтэй нь Гуандун мужийн өмнөд хэсгийн цаг уурын байгууллага байсан аж. Тус байгууллагаас ердөө нэг л ажилтан авах захиалга өгсөн ч, ганц ажлын байрны төлөө 4040 хүн өрсөлдсөн байна.

Нийгмийн байр суурь, нэр хүндний баталгаа болсон эл шалгалт бүр 1200 жилийн түүхтэй аж.

1200 гаруй жилийн тэртээгээс Хятадын ард иргэд хааны ордон гэх мэтийн төрийн албанд орохдоо эхлээд маш хүнд сорилтыг давах шаардлагатай тулгардаг байж. Эхэн үед төрийн алба хаагч болохыг хүссэн иргэд  24-72 цаг шалгалт өгөх тохиолдол ч байсан гэнэ.

Бие засах хувин, жижиг ширээнээс өөр тавилгагүй жижигхэн өрөөнд цоожлогдон шалгалт өгдөг байсан бөгөөд хугацаа, хэлбэр нь зуун зуунаар өөрчлөгдөн ирсэн түүхтэй. Тухайн үед шалгалт өгөгчид хоол, ус авчирч өгөхийг зөвшөөрдөг байсан хэдий ч, нарийн хяналт, шалгалт хийж байж дотогш нэвтрүүлдэг байжээ. 

Мөн өөр нэгэн сонирхолтой зүйл нь дээрх үргэлжилж буй хугацаанд шалгалт өгч буй хүн нас барсан тохиолдолд шалан дээр дэвссэн дэвсгэрт ороож, хамаатан садных нь хүмүүст хүлээлгэн өгдөг байсан гэнэ.

Энэ нь шалгалтын агуулгыг гадагш задруулахгүйн дээр төрийн алба хаахыг хүссэн хүн цэвэр өөрсдийн мэдлэг чадвараар сонгогддог байсан гэсэн үг.

Шалгалт өгөгчид өөр өөрсдийн муж, тойрогтоо төрийн албаны шалгалтаа өгөх бөгөөд тэднээс ес, арав нь л эзэн хаанд зүтгэх эрхтэй болдог байж.

Төрийн албаны үндэсний шалгалтын эхлэл бүр МЭӨ206-аас МЭ220 оны үе буюу Хань улсын үеэс тавигдсан ч, Тан улсын үед тогтсон хэв маягтай болж байсан гэнэ.

Хожим 1994 оноос өнөөгийн Хятадын төрийн албаны шалгалтын тогтолцоо хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэдэг. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байгаа ч, Хятадын төрийн албаны шалгалт уламжлалаасаа төдийлөн гажаагүй байгаа юм. 

Орчин үед эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч БНХАУ-ын төрийн албанд орохыг хүссэн ажил горилогчид хоёр цагийн хугацаанд 135 асуулт, даалгаврыг гүйцэтгэдэг. Энэ нь ойролцоогоор нэг асуултад нэг минутын хугацааг зарцуулдаг гэсэн үг. Гэхдээ ганц сэдвийнх биш. Асуултууд нь математик, хэл, дэлхийн асуудал, логик сэтгэлгээ гэх мэт өргөн сэдвийг хамарсан байдаг байна. 


Магадгүй уншигч та ингээд л болоо юм уу гэж бодох вий. Эдгээр асуулт хариулт бүхий асуумжаас гадна гурван цагийн хугацаанд эссэ бичих хүндхэн сорилттой тулгардаг.

Эдгээр бүх сорилт нь ажил горилогчдын мэдлэг чадвар, сэтгэлзүйн чадавхи, унших, дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх чадваруудыг цогцоор нь шалгахад чиглэгддэг байна.

Гэхдээ сүүлийн жилүү­дийг ажиглавал төрийн бай­гуул­лагад орох хүсэлтэй залуусын тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм. Сүүлийн 30 гаруй жилд Хятадын эдийн засаг асар хурдтай өссөн. Үүний дүнд залуус хувийн компанид ажиллах нь эрс нэмэгджээ. Учир нь хувийн байгууллагад ажиллагч төрийн албан хаагчаас багадаа л дөрөв дахин өдөр цалин авдаг гэнэ. Төрийн алба нэр хүндтэй боловч, цалин нь иргэдийн наад захын хэрэглээг хангаж чаддаггүй аж.

Жишээлбэл, Бээжинд ажилладаг төрийн алба хаагч Пенг гэх эмэгтэй татвараа төлөөд гар дээрээ 4000 юан авдаг боловч энэ нь тэдний хэрэгцээг нөхөж чаддаггүй. Пенгийнх сард 7000 юаныг зээлдээ төлдөг бөгөөд энэ мөнгөний ихэнхийг хувийн компанид ажилладаг нөхөр нь олдог хэмээн нэгэн мэдээллийн сайтад ярьсан байв. Ингэснээр залуус мөнгө олж, амжилтад хүрэх арга замыг хувийн сектор хэмээн хүлээн зөвшөөрч, бизнесийн талбарт хүч үзэх болсноор төрийн байгууллагад ажиллах сонирхол эрс буурсан гэхэд болох билээ.  

Нэг үгээр хэлбэл, төрийн албанд орох босго өндөр байгаа нь хэвээр боловч, сонирхох залуусын тоо аажимдаа буурч буй үзүүлэлттэй байгаа юм.

Сүүлийн жилүүдийн тоог авч үзвэл, 2013 оны Үндэсний төрийн албаны шалгалтад 1.4 сая хүн 20800 ажлын байрны төлөө өрсөлдсөн бол 2014 онд 1.39 сая хүн 20000, 2015 онд 1.41 сая иргэн 27 мянган ажлын байрны төлөө мэдлэгээ сорьж байжээ. Харин энэ тоо 2016 оноос эхлэн сая дотор багтаж эхэлсэн байгаа юм. 2016 онд 984 хүн 27000 төрийн албанд ажиллахаар өрсөлдсөн байх бол 2017 онд 1.1 сая, 2018 онд 920 мянга болж буурчээ.

Түүнчлэн, зарим төрийн албаны суудал болон дээгүүр албан тушаалтан бүгдийг нь Коммунист намын гишүүн байхыг шаарддаг. Энэ нь нийгмийн байр суурь, хэлхээ холбоо, эрх мэдлийг уламжлан авч намын үйл хэргийг цааш үргэлжүүлэхэд тустай юм.