О.Баасанхүү 2018.12.11 | Монголын мэдээ сонин

О.Баасанхүү: Н.Энхбаяр даргын бүрдүүлсэн баг буруу, хулгайчдаар дүүрсэн

О.Баасанхүү: Н.Энхбаяр даргын бүрдүүлсэн баг буруу, хулгайчдаар дүүрсэн

Монголын мэдээ сонин, Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч) 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. 

-УИХ-ын үйл ажиллагаа гацчихлаа. Зайлшгүй хэлэлцэх ёстой чухал асуудлууд хүлээлтэд орсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг огцруулна, огцруулахгүй гэдэг асуудлаас болж, гацаанд орчихлоо?

-Бүх зүйл дүрэм, журам, хуульд захирагдах ёстой. Хуулиа зөрчсөн ямар нэгэн улс төрийн тоглолт зөв байсан ч ялалтад хүрвэл хувьсгал болно. Харин тэгж чадаагүй бол хууль бус алхам болох юм. Миний зүгээс хурцын хурц тэмцэл хийнэ гэж хэлсэн залууг хараад  сууж байна. Төрийн ордонд эсвэл гудамжинд өөрийгөө шатаах юм болов уу гээд хүлээж сууна. 

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хэлж байна уу?

-Мэдээж, өөр хэн байх вэ дээ. Хэдэн жилийн өмнө  ЕТГ-ын дарга З.Энхболдтой Л.Оюун-Эрдэнэ цагдаагаар муудалцсан. Тухайн үед хар машин хууль бус. Үүнийг З.Энхболд зохион байгуулж, Монголд нэвтрүүлсэн гэж хэлээд хууль хяналтын байгууллагаар шалгуулсан. Тэр үед хүн гүтгэхэд хуультай байсан шүү дээ. Түүнээс хойш Л.Оюун-Эрдэнэ гэнэт алга болсон. Гадагшаа сурахаар явсан байсан. Хийж байгаа зүйлээс нь өлгөж авмаар юм байгаа. Гэхдээ ах нарынхаа үгэнд хэт орж, хайчинд хавчуулагдаад байна. Заримдаа хүний гар хөл болоод гайтаад явж байна уу гэж харж байна даа. 

-Одоо яах вэ. МАН-ын улс төрийн дотоод зодооныг хараад хүлээгээд суух юм уу?

-М.Энхболд шиг 30 жилийн хор хөнөөлтэй авлигын сүлжээний аалзан дотор амьдарчихаад, бохирдсон хүмүүсээрээ бага бүрдүүлээд явбал бүтэхгүй. Тиймээс би цоо шинэ баг гаргаж, улс төрд шинэ шийдэл гаргана. МАХН-ын зүгээс эцсээ хүртэл явна даа. ЖДҮХС-гийн шугамаар хүсэлт өгсөн УИХ-ын 30 гаруй гишүүн байна. Хүсэлт өгсөн гэдэг нь буруу биш. Би ч өгч болно. Харин би чамайг дэмжлээ гээд авлига авч  болохгүй. Тэр ч бүү хэл зээлийн мөнгийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулж, угааж болохгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаад 20 гаруй гишүүн шууд болон шууд бус хамааралтайгаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгах боломжтой болжээ. Энэ дундаас нэн яаралтай таван гишүүнийг УЕП-оос УИХ-д эргүүлэн татах санал оруулж ирье гэдэг шийдэлд хүрсэн байна.  Үүнээс болоод шударга ёсны тэмцэгчид гараад ирлээ. Би Л.Болд гишүүнийг хүндэлж явдаг. Энэ мэдээллийг авсан байх гэж бодож байгаа. 

-УИХ-ын таван гишүүнийг нэрлэж болох уу?

-Хэрэггүй. Нэг гишүүн нь хар үүрээр над руу бичиг явуулсан байна лээ. Өөрийг нь ялагчаар татаагүй гэсэн бичиг байсан. Дараа нь дахиад утсаар ярьсан. Өөрийгөө үгүйсгэсэн утгатай зүйл ярьж байна лээ. Би шалгадаг, нотолдог хүн биш шүү дээ. Таван гишүүний асуудал бол хууль хяналтынхны өгсөн баттай мэдээлэл.

-УИХ-д асуудал орж ирсэн ч эргүүлэн татаж чадахгүй байх. Хуулийн ямар нэгэн гаргалгаагаар хаацайлаад үлдээх байх?

-МАН-ын 65 гишүүн шийднэ. Б.Батзоригийг явуулаагүй. Миний зүгээс явуулчихаасай л гэж хүсэж байна. Магадгүй одоо л оруулж ирвэл явуулчихаж болох юм. 

-Л.Болд гишүүний талаар асуудалд дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөхгүй юу?

-Зүгээр байхад нь булан руу шахсаар байгаад ийм зүйл рүү оруулчихаагүй байгаа гэж санаа зовж байна. Аав нь, өөрөө ч мундаг хүн. Олон жил улс төрд явсан туршлага бий. Үүнээс илүүг ярьмааргүй байна.

-ЖДҮХС-гаас гар дүрсэн бүх гишүүнд хариуцлага тооцох нь зөв биз дээ. Иргэдийнхээ боломжоос хумслах эрх хэнд ч байхгүй?

-Зөв шүү дээ. Хариуцлага тооцох ёстой. Сүүлдээ бүр МАН-д сайдаар томилчих хүн алга. Ч.Улаанаас өөр хүнгүй байна. Энэ хүн өөрөө ичихгүй сайд болох гээд явж байна. Сайдаар өчнөөн жил ажилласан хийж, гийгүүлсэн юм алга байна. Улс орондоо гайхамшигтай, гайхалтай зүйл бүтээсэн бол амьдаар нь хөшөө босгомоор байна. 

-Та УИХ-ыг тараахгүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад вэ?

-Тараах шаардлагагүй. Дараа нь мөнгөтэй хүмүүс сонгогдоно шүү дээ. Монголд 27 нам бий. Үүний цаана 27 хүн байгаа. Түүнээс хоёр сая иргэн байхгүй. Бүгд хоёр намын халаасанд багтсан байна шүү дээ. Сонгуульд өрсөлдөхөд ч бэлэн биш байна. 

-Чи, би дээ тулж байхаар УИХ-ын дарга нь огцорчихвол асуудал шийдэгдэх юм биш үү?

-Би хүний өмнөөс хариулт өгөхгүй. Хуулиа л дагах ёстой. Л.Цог гэж хүнийг өмнө нь огцруулах асуудал яриад чадаагүй. Бид дийлээгүй. Хууль нь ийм юм. “60 тэрбум” гэдэг асуудал өчигдөр үүссэн зүйл биш. Үүнийгээ бүгд мэдсэн атлаа үгүй гээд хэлэх зоригтон байхгүй байсан. Харин би М.Энхболд гэж хүний оронд байсан бол шууд өргөдлөө өгөөд огцрох байсан юм.

-Цоо шинэ баг бүрдүүлэх талаар ярилаа. Энэ боломжтой юу. Н.Энхбаяр гуай ч гэсэн олны дунд нэр муутай шүү дээ?

-Би УИХ-д жагсаалтаар  орж үзсэн. Тойргоос сонгогдож үзлээ. Ганцхан зүйл бодогдож сууна. Ганцаараа байж залхлаа. Олуулаа орж ирье. Түүний тулд зөв баг бүрдүүлж орж ирмээр байна. Н.Энхбаяр даргын бүрдүүлсэн баг буруу,  хулгайчдаар дүүрсэн. Тухайлбал, З.Баянсэлэнгэ давж заалдаад,  цагаадаад гараад ирэхгүй яасан юм бэ. Ц.Оюунбаатарын асуудал шүүх дээр байна. Г.Шийлэгдамба өнөөдөр шоронд сууж байна. Э.Эрдэнэжамъяан, Б.Тулга гээд яриад байвал өчнөөн асуудал байна. Эднийг сольчих, шинэчлэл хийе гэсэн юм. 

-Тэгээд санал нэгдэхгүй байгаа юм уу?

-Н.Энхбаяр дарга бүх иргэдэд үнэ төлбөргүй байр өгье. Оюутнуудыг үнэгүй сургая. Эмнэлгийн үйлчилгээг үнэгүй болгоно гэдгийг тавдугаар Үндсэн хуулиар шийднэ гэж яриад байгаа. Би энэ чинь болохгүй гэдгийг нь хэлсэн. Түүний оронд ипотекийн зээлээ 0.3 хувь болгох ёстой гэж хэлсэн. 

-Бүх зүйл үнэгүй бол хэн хөдөлмөрлөж, бүтээх юм бэ. Үнэгүй тэжээж байгаад мөхөөх бодлого барьж байгаа юм уу?

-Н.Энхбаяр бол миний ах. Би ахдаа баярладаг. Улс төрийн түвшинд миний  ах гэсэн үг. Энэ хүнээс сурах зүйл их бий. Уншсан ном, улс төрийн туршлага мэдлэг нь энд байгаа хүмүүсээс хэдэн хувь дахин илүү. Уншдаг учраас сэтгэдэг. Н.Энхбаяр дарга  та багаа бүрдүүлж чадахгүй байна. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулахгүй. Тугаа шилжүүлж өг. Тэгээд улсаа хөгжүүлье. Тэгэхгүй бол бид өөрийн тугийн дор ороод улсынхаа төлөө зүтгэх болно гэсэн байр суурьтай байна. 

-Өөр туг гэхээр шинэ нам байгуулах юм уу. Нэг бол МАН, АН-тай нэгдэх асуудал юм уу?

-Хууль хяналтын байгууллагынхан солигдох сураг байна. Тэгвэл асуудал бидний талд шийдэгдэх байх.