2018.12.11

Ц.Цогзолмаа: Олон улсын стандартыг бий болгож, эрх зүйн хувьд баталгаажуулах ёстой

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсроход шаардлагатай тоног төхөөрөмжийг төрөөс дэмжиж олгох ийм бодит дэмжлэг энэ хүүхдүүдэд хэрэгтэй байна. Энэ тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын нөхцөл хүнд байгаа. Цалинг нь нэмэх асуудлыг удаа дараа тавиад явж байна.
ХНХЯ төрийн захиргааны төв байгууллага учраас олон улсын стандартыг мөрдөх жишиг стандарт гаргах хэрэгтэй. Үүнийг нь гаргаад эрх зүйн хувьд батлаад явчихбал хүссэн ч хүсээгүй ч мөрдөх нөхцөл бүрдэх юм. Тиймээс энэ баримжаагаар ажилладаг байдал арилна. ХНХЯ ийм алхам хийсэн үү?”

Түүний асуултанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнгөнчимэг хариуллаа.