Цогзолмаа.Ц М.Билэгт 2018.12.11 | Vip76.mn

М.Билэгт: Ёс зүйтэй байх зарчим барьсных нь төлөө огцруулж байгааг юу гэж ойлгох вэ?

Өнөөдөр /2018.12.11/ НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан М.Билэгт гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.

М.Билэгт: Я.Содбаатар сайдыг чөлөөлж байна гэсэн. Ц.Цогзолмаа сайдыг огцруулж байна гэж байна. Я.Содбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна гэсэн. Өөрөөр хэлбэл ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Ц.Цогзолмаа сайдын хувьд “огцруулна” гэж орж байгааг ойлгохгүй байна.

Ц.Цогзолмаа сайд шударга ёсны төлөө, шударга ёсны талд ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоохын тулд төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгоё гэдэг талд зогсож, гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр монголын төр буюу Засгийн газар энэ хүнээ ажлаас нь огруулна гэж оруулж байгаа нь нийгмийг ямар байдалд оруулж байгааг бодох хэрэгтэй.  

2018 онд монгол дахь Хүүхдийг ивээх сан, “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлгийн хүүхэд залуус хамтарч судалга аявуулсан. Энэ судалгаагаар хүүхдүүд шударга байдал гэдгийг худал хэлдэггүй, төрийн хуулийг мөрддөг, авлига авч ,өгөхгүй байхыг хэлдэг гэж ойлгодог боловч шударга байх нь баян байхаас чухал боловч тийм байх боломжгүй гэж бараг 80 хувь нь хариулсан байна. Бид хойч ирээдүйгээ ийм болгосон байна. Шударга байдлыг дэнслэх, хүүхдийн ёс суртахуун зан байдал биднээс шалтгаалж ийм болж байна. Урт хугацаандаа таахын аргагүй үр дагавар, нийгмийн хямрал бий болгодог гэдгийг бид 28 жилийн дараа харж байна. Боловсролын сайд нь өөрөө шударга ёс зүйтэй болгох гэсэн зарчим барьсны төлөө Засгийн газар нь огцруулж байгааг юу гэж ойлгох вэ?

ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Л.Өлзийсайхан: БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн 17-р зүйлийн 3, 24-р зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн. Засгийн газрын тухай хуулийн 17.3-т Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. 24.4-т Засгийн газрын гишүүн шийдвэр мэдэгдэл гаргах, аливаа асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж байдаг. Энэ заалтууд Засгийн газрун тухай хуулийн 5-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны зарчим буюу 5.2-т заасан үйл ажиллагааны талаар УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх гэсэн зарчмууд дээр үндэслэсэн.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар сайд Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ өргөн мэдүүлсэн бол түүнийг чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Харин Ц.Цогзолмаа сайдын хувьд саяны дурдсан хууль зүйн үндэслэлээр УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх зарчим алдагдсан. Кабинетээс гарч байсан тохиолдлууд өмнө нь байсан. Гэхдээ ингэхдээ Ерөнхий сайдад өөрөө саналаа тавиад, үзэл бодлоо илэрхийлж байгаад гарын үсэг зурж байсан.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Шударга ёс гэдэг бол бүх иргэнд тэгш үйлчлэх, Засгийн газрын бүх гишүүнд тэгш боломж олгох хандлагаас эхэлнэ. Нэгээс нь өргөдлийг аваад нөгөөхийг нь огцруулна гэж байгааг санамсаргүй үйлдэл гэж харахгүй байна.

Ёс зүйн хариуцлагаа хүлээнэ гэдгээ би өөрөө хэлсэн.

Энэ тохиолдолд Я.Содбаатарын өргөдөл гаргасантай яг адил саналыг надад хэлэх бололцоо нь нээлттэй байсан. Нөгөөтэйгүүр хүссэн хүсээгүй өөрийнхөө гаргасан шийдвэр дээр ёс зүйн хариуцлага хүлээе гэдэг мэдэгдлийг хийсэн учраас Засгийн газрын тэргүүний оруулж байгаа саналыг байнгын хорооны гишүүд дэмжээд, миний асуудлыг чөлөөлж өгөхийг хүсч байна.