Цогзолмаа.Ц 2018.12.11 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Улстөрчийн шийдвэрээсээ болоод ажлаа өгч байгаадаа салбарынхнаасаа хүлцэл өчье

Өнөөдөр /2018.12.11/ БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцлээ. 

Тэрээр Засгийн газрын гишүүд ЖДҮ-ийн сангийн асуудалтай холбогдсон нь шударга бус хэмээн үзэж УИХ-ын гишүүнийхээ хувьд шийдвэр гарган, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан билээ. Харин түүний энэхүү үйлдэл нь Засгийн газар кабинетээр ажиллах ёстой гэсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг огцруулах саналыг УИХ-д оруулж ирсэн юм. 

Хуралдааны үеэр гишүүд ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛӨХ гэсэн зарчмаар оруулж ирж байгаа мөртөл БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг ОГЦРУУЛАХ хэмээн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн томилогдоод жил гаруйн хугацаанд түүний хийсэн ажилд талархалтай хандаж байгаагаа гишүүд илэрхийлж байлаа. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ЗТХ-ийн сайд өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан учир ЧӨЛӨӨЛӨГДӨХ гэсэн томъёоллоор орж, Ц.Цогзолмаа сайдыг ОГЦРУУЛАХ гэж оруулж ирж байна гэсэн тайлбар өгсөн юм. 

Харин Ц.Цогзолмаа сайд ёс зүйн хариуцлагаа хүлээнэ гэдгээ өөрөө хэлсэн байхад ийнхүү оруулж ирж байгааг санамсаргүй үйлдэл гэж харахгүй байгаагаа хэлсэн. Хариуцлага хүлээнэ гэдгээ нэгэнт илэрхийлсэн учир Ерөнхий сайдын оруулж ирсэн саналыг хүлээн авахыг тэрээр байнгын хорооны гишүүдээсээ хүссэн.

Ц.Цогзолмаа: "Энэ удаагийн орж ирж байгаа асуудал улстөрчийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд асуудалд ёс зүйн үүднээс өөрийнхөө барьж байгаа зарчмын дагуу шийдвэр гаргасантай холбоотой гарч байгаа асуудал учраас та бүхнээс хүлцэл өчье.

Удирдаж ажиллаж байсан салбартаа, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхгүй гэдэг сайд байхгүй.

НББСШУ-ны байнгын хорооны гишүүний хувиар эхлүүлсэн ажил ямар нэгэн байдлаар оролцоод явах учраас энэ ажлууд үргэлжилнэ гэж бодож байна.

Кабинетээр ажиллах зарчмаас ухарсан гэх асуудлыг Г.Занданшатар дарга тайлбарлаж байгаа боловч кабинет маань шударга бус байхыг дэмжиж чадахгүй. Хамтын хариуцлага гэдэг бол хамтаараа зөв байж, зөв зүйлд зөв хандахыг хэлнэ гэж бодож байна. Түүнээс биш би хариуцлагаас зугтаагүй. Ерөнхий сайдын бодлого, алхам, шийдвэр нь зөв байвал дэмжээд явна. Буруу байвал дагах боломжгүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь давхар дээл гэхээсээ илүү дзавхар хариуцлага гэж бодож өнөөдрийг хүртэл бүх асуудалд хандаж ирсэн.

Өнөөдрийн Ерөнхий сайд Шадар сайд байхдаа Засгийн газрын эсрэг асуудалд хандаад, гарын үсгээ зураад явж байсан. Тиймээс шударга ёсны илэрхийлэл гэдэг бол албан тушаалын асуудал гэхээсээ илүү хувь хүний ёс зүй дээр суурилдаг байвал цаашдаа нийгэмд зөв харагдана. Хэн нэгэн шийдвэр гаргахаа зөв байдаг, нөгөө нэг нь адил шийдвэр гаргахаар буруу байдаг хандлага байх ёсгүй.

Миний хийсэн ажлын зөв, бурууг цаг хугацаа харуулна. Улстөрчийн шийдвэрээсээ болоод ажлаа өгч байгаа үйлдлээсээ салбарынхнаасаа хүлцэл өчиж байна."