Бямбацогт.С 2018.12.12 | medee.mn

С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн

С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдаж,ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-ээр дамжуулан зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм. Өмнө нь уг асуудлаар хуралдахаар хоёр удаа тов зарласан хэдий ч ирц бүрдээгүй билээ. Тиймээс УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотойгоор Ёс зүйн дэд хороо хуралдах  шаардлагатай байгаа ч  ирц бүрдэхгүй байсаар 14 хонож байна. Өнөөдөр ирц хүрэх болов уу?

-Ёс зүйн дэд хорооны өнгөрсөн долоо хоногт хоёр удаа зарлагдсан ч ирц хүрээгүй. Өнөөдрийн хуралдааны ирц хүрэх байх гэж найдаж байна. Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасаны дагуу асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий иргэд, УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн.Мөн ТББ-аас санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцэж Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргана. Ёс зүйн дэд хорооны дүрэмд хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд  давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг.

Үүний дагуу бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирсэн. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор танилцуулна. Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр  гаргахыг би урьдчилж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн.Мөн энэ асуудлыг ч хэлэлцэнэ

-Ирц хүрэхгүйтэй холбогдуулан Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих асуудлыг УИХ-ын дарга хөндөн тавьсан?

-Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулж шийддэг. Энэ бол байнгын хорооны л асуудал.

-Ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой  хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ?

-Энэ талаар надад тодорхой хэлэх зүйл алга. Холбогдох байгууллагуудаас албан бичиг явуулж  мэдээлэл авсан. Ёс зүйн дэд хороо хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд давхар хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй. Ямар ямар гишүүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа вэ гэдэг мэдээлэл хүсэхэд албан бичиг нь ирсэн.

Г.ИТГЭЛ