МҮЭХ-ноос Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүлжээ
2018.12.13

МҮЭХ-ноос Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүлжээ

Энэ сарын 11-ний өдөр МҮЭХ-ноос Засгийн газарт мэдэгдэл хүргүүлжээ. 

Мэдэгдэлд: 

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална", Монгол Улсын ҮНдсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн" гэж УИХ, Засгийн газрын чиг үүргийг тус тус хуульчлан заасан байдаг. 

Гэвч сүүлийн өдрүүдэд төрийн үйл ажиллагаа гацаанд орж валютын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг зохицуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг сэргээх, ажлын байр, ажилгүйдэл, ядуурал, орлогын хомсдлыг арилгах, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлыг УИХ, Засгийн газар шуурхай шийдвэрлэж чадахгүй талцан хуваагдаж, төрийн нэгдмэл байдал алдагдах, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал үүсч болзошгүй байна. 

Иймд улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг ханган маргаантай асуудлаа хуулийн хүрээнд нэн яаралтай шийдвэрлэж Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж ажиллахыг иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс УИХ, Засгийн газраас албан ёсоор шаардан энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна" гэжээ.