НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ сарын 28-ны өдөр товлов
2018.12.13

НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ сарын 28-ны өдөр товлов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2018 оны 12 сарын 12-ны хуралдаанаар  “Төрийн албан хаагчдийн чадавхийг бэхжүүлэх тусгай хөтөлбөр” баталлаа.

Өнөөгийн нийгмийн хөгжлийн өөрчлөлт, шинэчлэлийг даган иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээ үзүүлэх, захиргааны байгууллага нь албан хаагчдаа сэтгэлгээний болон ур чадварын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэх боломж нөхцөлөөр хангах, олон талт өргөн цар хүрээтэй мэдлэг чадвар бүхий хүний нөөцтэй болох, хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байх гэсэн шаардлагын дагуу дэлхийн улс орнууд төрийн албаа мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр тогтвортой хангах зорилгоор дэргэдээ албан хаагчдын чадамжийг дээшлүүлэх хөтөлбөр бүхий сургалтын тогтолцоог бий болгон амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа.

 Учир нь байгууллага нэгжүүдэд боловсон хүчнээ чадавхжуулах төсөв болон бодлогын шугамаар тусгасан сургалтын хөтөлбөрч тусгагдаагүй байдаг гэдгийг салбарыхан онцолж байна. Иймд “Төрийн албан хаагчдийн чадавхийг бэхжүүлэх тусгай хөтөлбөр”-ийг тусгайлан боловсруулж батлуулах зайлшгүй шаардлага байгаа тул энэхүү хөтөлбөрийг боловсруулж бэлэн болгоод байна.

Хөтөлбөрийн зорилго нь нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын “чадахуйн зарчим” /мерит/-д суурилан тасралтгүй сургаж хөгжүүлэх замаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэж “чадавх” бүхий төрийн албыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Тус хөтөлбөр нь хоёр дэд хөтөлбөрөөс бүрдэх бөгөөд 1. Нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч, мэргэжилтнүүдийн  чадавх бэхжүүлэх сургалтын дэд хөтөлбөр  2. Хорооны албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалтын дэд хөтөлбөрүүдийг багтааж байгаа юм.

 Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэ хөтөлбөр бол төрийн албан хаагчийн чадавхи, харилцаа, хандлагыг зөв болгоход чухал нөлөөтэй баримт бичиг юм” гэдгийг онцлоод тэргүүлэгчдийн зүгээс хөтөлбөрийг 100% саналаар баталлаа.

Өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 28-нд 09.00 цагт хуралдуулахаар товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ