Нямбаатар.Х 2018.12.17 | medee.mn

Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй

Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй

УИХ-ын дарга М.Энхболдын ёсзүйн хариуцлага хүлээн, албан тушаалаасаа огцрохыг шаардсан бичигт нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зураад буй. Уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-БИД ФРАНКЕНШТЕЙН МАЯГИЙН ЗАСАГЛАЛЫН ЗАМ РУУ ОРЧИХООД БАЙНА-

-Нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй УИХ-ын дарга М.Энхболдын асуудлаар уулзана гэж мэдээлэгдсэн. Уг уулзалт болсон уу?

-Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын гишүүд уулзахаар очоогүй. Уулзалт болоогүй.

-Яг ямар зорилгоор уулзалт хийхээр ярилцаж байсан юм?

-Уулзалтын гол зорилго нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, мэдээлэл хүргүүлсэн. Уг үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэх ёстой. Энэ асуудал яг ямар шатанд яваа гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд тодруулахыг хүссэн юм. Гэхдээ очоогүй. Магадгүй, гишүүдийн энэ үйлдэл нь цэцийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үйлдэл болж мэднэ.

Ерөнхий сайдын зүгээс нэгдүгээрт, УИХ-ын гуравны хоёр нь чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулганыг зарлах нь зүйтэй гэж үзсэн бол УИХ-ын дарга зарлан хуралдуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учир Үндсэн хуулинд заасан төрийн үйл ажиллагаа хэвийн явах зургаан зарчмын нэг болох хууль дээдлэх зарчмыг УИХ-ын дарга зөрчсөн гэж үзсэн. Хоёрдугаарт, УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үндсэн үүрэгтэй. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр ямар нэгэн үндэслэлгүйгээр хуралдааныг тасалдуулсан. Ёсзүйн хороог хуралдах чиглэл өгөөд, шууд алх цохиж, хурлаа хаяад гарсан. Энэ нь УИХ-ын тухай болон дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэн, цэцэд хандсан. Уг хоёр асуудлыг хэрхэн шийдэхийг бид мэдэхгүй. Цэц л шийдэх асуудал.

-Ер нь бол Ерөнхий сайдын хандсан асуудлаар УИХ-ын гишүүд очиж, асуулга тавих нь зохисгүй л юм байна?

-Тийм. Тийм учраас очиж асуугаагүй. Цэцийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл хийхгүй байсан нь дээр юм байна гэж үзсэн юм.

-Бас нэг зүйл, УИХ-ын даргыг огцруулах бичигт гишүүд гарын үсэг зурснаар огцрох хууль эрхзүйн үндэслэл бүрдэхгүй. Үүнийг мэдсээр байж, ийм төрлийн акц хийсэн нь хэр оновчтой шийдэл юм бэ?

-Үндсэн хуулийн 24-р зүйлд УИХ-ын дарга, дэд даргыг гишүүд дотроос сонгоно гэж зааж өгсөн. УИХ-ын даргын бүрэн эрх нь дөрвөн жилийн хугацаатай байна. Хуульд заасан үндэслэлээр УИХ-ын даргыг огцруулж, чөлөөлж болно гэсэн Үндсэн хуулийн зохицуулалттай. Харин УИХ-ын тухай хуулин дээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх тохиолдолд, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд огцруулж болно гэж заасан байдаг. Тэгэхээр нэр бүхий гишүүд “УИХ-ын дарга аа, та өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгд. Танд УИХ-ыг удирдах Ёсзүйн эрх байхгүй” гэж шаардаж байгаа юм. Энэ нь хууль  бус шаардлага биш. Хэрэгжих боломжгүй ч биш.

Дахин хууль сөхөхөд, Үндсэн хуулинд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга ёсны зарчим байна гээд заагаад өгчихсөн. Шударга ёсны зарчим гэдэг нь, УИХ-ын 76 гишүүн адил тэгш эрхтэй. Адилхан саналын мандаттай гэсэн утга юм. Гэтэл өнөөдөр 40:1 гэсэн харьцаатай байгаа ч УИХ-ын даргыг дийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, 40 гишүүний эсрэг нэг санал байгаа мөртлөө тэр нь хүчрэгдэхгүй байна. Энэ чинь Үндсэн хуулинд заасан тэгш ёсны зарчим алдагдчихсаныг л харуулж байгаа юм. Би таны асуултад ийм л хариулт хэлэх юм байна.

-Энэ бүхэн чинь тэгээд хуулиндаа байгаа юм уу, хувь хүнээс шалтгаалаад байгаа хэрэг үү?

-Ер нь Үндсэн хуулиар тогтоож өгсөн засаглалын бүтэц суурь нь буруу юм. Франкенштейн засаглалын зам руу орчихоод байна. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийн цуглуулга болсон засаглалын загварыг авч хэрэглэснээсээ үүдэж, бид өнөөдөр  хөгжихгүй байна.  Асуудал гацаж, шударга ёс алдагдаад байна. Үндсэн хуулиа боловсруулахдаа засаглалынхаа суурийг Франц, Германы эд эрхтнүүдийн бүтэцтэй, хуучин зөвлөлүүдийн үеийн элементүүдийг аваад хэрэглэчихсэн. Бүр Америкийн үндсэн хуулийн зарим элементүүд ч манай Үндсэн хуулинд тусчихсан байдаг. Тэгснээ сонгодог парламентын засаглалтай Английн загваруудыг авчихсан. Бид энэ тэндээс олсон загваруудыг өөр хооронд нь залгаж, зүйж бүтээсэн эв хавгүй их биетэй. Эрхгүй эгдүүцэл төрүүлмээр, үзэшгүй жигшим, оюун ухаантай хүн төрхтнийг франкенштейн нэрээр кинон дээрээс харж байсан. Яг үүнтэй адил засаглалын загвар харагдаад байна. Хууль нь өөрөө ийм байгаа учраас УИХ-ын дарга нь төрийн нэг инститүци болчихож.

-Инститүци гэж нэрлэх нь УИХ-ын даргын албан тушаалыг хэт томруулсан хэрэг биш үү?

-Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, УИХ-ын  дарга чуулганы нэгдсэн хуралдааныг хөтлөн явуулах үндсэн үүрэгтэй. Тийм байтал УИХ-ын дарга төрийн хяналт, шалгалтын зарим эрх үүргийг дангаараа хэрэгжүүлж байна.УИХ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг гарахад УИХ-ын дарга л захирамж гаргадаг. Гэтэл парламент төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хянан шалгах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан. Энэ чинь парламентын нийт гишүүдийн эрх. Хамтын шийдвэр гаргах замаар асуудлыг явуулах ёстой гэсэн үг. Хуулиараа ийм заалттай байхад УИХ-ын дарга нь, “За гадаадын хөрөнгө оруулалттай тэр компанийг шалгая. Ажлын хэсгийг тэр гишүүн ахал” гээд л шууд захирамж гаргачихаж байгаа юм. Нөгөө л Үндсэн хуулинд заасан шударга, тэгш байх зарчим алдагдсаныг харуулж байгаа хэрэг. Би өнөөдөр хэн нэг хувь хүн рүү дайрч,субьектив зүйл ярьмааргүй байна. Миний хэлэх гээд байгаа гол санаа нь, Үндсэн хуулийн зарчим алдагдаад байна гэдгийг нь онцлоод байгаа юм.

-ЗААВАЛ ҮНДСЭН ХУУЛЬ ГЭЛГҮЙГЭЭР ОРГАНИК ХУУЛИУДАД БАЙГАА АЛДААНУУДЫГ ЭХЛЭЭД ЗАСАХ ЁСТОЙ-

-Таныхаар өөр ямар байдлаар УИХ-ын дарга хэт давуу эрх эдлээд байна?

-УИХ-аас байгуулагддаг байгууллагууд гэж бий. Монгол банк, АТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо гэхчлэн маш олон байгууллага байгаа. Эдгээрийн удирдлагыг УИХ-ын дарга нэрийг нь оруулж, чуулганы хуралдаанаар баталдаг. Тэгэхээр энд нэг инститүци харагдаад байгаа биз. УИХ-ын дарга нь дангаараа асуудлыг оруулж ирнэ. Эсвэл нэрийг нь оруулж ирээд, шууд батлуулдаг.УИХ-ын даргын өмнөөс сөрж, өөр хүний нэрийг дэвшүүлж байсан тохиолдол ер нь байдаг уу. Байхгүй. Энэ нь өөрөө зөвлөлүүдийн үеийн засаглалаас авч үлдсэн ардын их хурлын тэргүүлэгчдийн инститүци УИХ-ын даргад үлдчихсэнийг л харуулж байгаа юм. Хууль нь ийм учраас ямар ч улс төрийн нам парламентад олонх болсон хамаг лидерүүд нь энэ суудалд суухыг эрмэлздэг. Огцордоггүй. Дээрээс нь хууль тогтоох нийт эрх мэдлийн тэн хагасаас илүүг нь УИХ-ын дарга эдэлдэг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хүртэл томилж байна шүү дээ.

-УИХ-ын дарга нь хэт их эрх мэдэлтэй байгаа учраас засаглалын хямрал үүсгээд байна гэж үү?

-Засаглалын хямрал үүсгээд, асуудал гацаагаад байгаа шалтгаан нь УИХ-ын дарга гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудтай параллелийн түвшинд  төрийн эрх мэдлийг гүйцэтгээд байна. Тухайлбал, төрийн санхүүгийн чиг үүргийг хэрэгжүүлэх  үүрэг хүлээдэг байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Ерөнхий сайд нь төрийн хууль тогтоомжийг УИХ-ын өмнө хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ерөөсөө л УИХ-ын бүтцийн байгууллага Засгийн газрын чиг үүрэгтэй зэрэгцээ түвшинд байгаа биз дээ. УИХ-ын даргын зөвлөлөөс гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой бодлогын шийдвэрийг дэнслээд сууж байдаг. Зэрэгцээ түвшинд. Одоо  АТГ-ыг хар. АТГ нь авилгын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх  үндсэн үүрэгтэй. Энэ чинь Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг УИХ-ын бүтцийн байгууллага давхар хүлээж байгаа л хэлбэр. Ийм байдлуудаас үүдээд засаглалын хямрал, зөрчилдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл явагдаад байна. Энэ бүхнийг засъя гэдэг үүднээс л бид УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөөч ээ гэж шаардаад байгаа юм.

-Гэхдээ яагаад яг таны яриад эдгээр асуудлуудыг өмнөх УИХ-ын дарга нарын үед сөхөж ярьж байгаагүй юм бол гэдэг нь сонин?

-Би өмнөх УИХ-ын дарга нартай хамтарч ажиллаж байгаагүй. Үүнийг мэдэхгүй.

-Тийм л дээ. Гэхдээ таны яриад байгаа эдгээр асуудлыг чинь М.Энхболд гэдэг албан тушаалаас нь авч хаяснаар шийдэгдчихгүй шүү дээ?

-Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, дайн хийгээгүй. Тэмцлийн зорилго нь өөр юм гэдгийг би удаа дараа танд тодотгож байгаа. Яахав, манай гишүүд янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлж байгаа нь үнэн. Би хувьдаа, хуульч хүний зүгээс энэ тэмцэлд нэгдсэн гол шалтгаан нь холбогдох хуулиудын алдаа завхралыг засах нь чухал юм байна гэж үзсэн явдал. Мэдээж бид Үндсэн хуулиа  шууд өөрчилж чадахгүй. Гэхдээ органик хуулиудад байгаа алдаануудыг засъя гэж байгаа юм. Би танаас нэг зүйл асууя. Та сэтгүүлч хүн. Танд ёсзүйн дүрэм, код гэж бий юу?

-Байгаа.

-Тийм байгаа. Бас улстөрчдөд ч ёсзүйн дүрэм байгаа.Санхүүчдэд, төрийн албан хаагчдад, нягтлан бодогчдод  ч ёсзүйн дүрэм бий. Мэргэжил ёсзүйн дүрмээр зохицуулагддаг. Ийм дүрэм байгаа учраас бид “Та ёсзүйн дүрмээ зөрчсөн тул хууль зүйн хэм хэмжээний дагуу хариуцлага хүлээгээч ээ” гэж шаардаж байгаа юм. Харамсалтай нь, УИХ-ын даргын ёсзүйн дүрмийг сахиулах ёстой Ёсзүйн хорооны даргыг УИХ-ын дарга нь томилж байгаа. Ийм байхад тэд яаж УИХ-ын даргад хариуцлага тооцох юм.Бас дээрээс нь Үндсэн хуулинд оруулсан дордохын долоон өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын дарга, дэд даргын томилгоог нууц санал хураалтаар томилдог байсныг ил болгочихсон. Үндсэн хуулинд орсон энэ өөрчлөлтийг дагуулаад, УИХ-ын тухай хуулиа өөрчлөхдөө УИХ-ын дарга сонгогдож биш, батламжлагддаг хэлбэр лүү орчихсон. Ил санал хураалт явуулна гэдэг өөрөө сонгууль биш. Хуучин социалист үед явагддаг байсан сонгуультай яг адилхан түвшинд очсон.

-МОНГОЛ УЛС ХЭДЭН ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТЭЙ БОЛСНОО ТООЛОХ ЦАГ НЬ БОЛСОН-

-Бусад орнуудын жишиг ямар байгаа билээ?

-За, хоёулаа Англиар жишээ авцгаая. 2009 онд Английн парламентын танхимын спикерийг сонгох процесс явагдахад, нийтдээ 10 гаруй хүн нэр дэвшиж, гурван үе шаттайгаар сонгууль явагдсан байдаг. Ингэж сонгогдсон спикер зөвхөн хуралдааныг хөтлөн явуулах үүрэгтэй. Тэр саналын эрхгүй. Спикерийн ажлаа авснаас хойш аливаа гарсан шийдвэрүүд дээр хувь улс төрчийнхөө байр суурийг илэрхийлэхгүй байх ёстой. Улс төрийн эрхээ алдсан  хэрэг байгаа биз. Өөрөөр хэлбэл, спикер гэдэг нь төвийг сахих ёстой албан тушаал болж байгаа хэрэг. Гэтэл манайх хуучин социалист үеийн ардын их хурлын тэргүүлэгчдийн бүтцийг энэ УИХ дээр аваад үлдчихсэн. Одоо УИХ-ын тамгын газрыг хар. Зөвхөн УИХ-ын даргад л үйлчилдэг.Пиарыг нь хийж, гоё сайхан харагдуулах чиглэлд хэт их анхаардаг байх жишээтэй. Одоо бид энэ асуудал дээр дүн шинжилгээ хийж, цаашид цэвэр төвийг сахидаг спикертэй болохын тулд УИХ-ын тухай хууль тогтоомжийг өөрчлөх ёстой. Энэ бол зүй ёсны хэрэг юм.

-Тэгэхээр та бүхэн М.Энхболдыг огцрууллаа гэж бодъё.Үүнийхээ дараа холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж байж, шинэ спикерээ томилохгүй бол дахиад л хэмжээлшгүй эрхтэй М.Энхболдын өөр нэг хувилбар гарч ирнэ биз дээ?

-Тэрийг тухайн үед  нь шийдэж болно. УИХ-ын шинэ даргаа сонгочихоод, холбогдох хуулиуддаа ч өөрчлөлт оруулж болно.

-Тэгвэл органик хуулийн өөрчлөлтүүд нь Үндсэн хуулиндаа нийцэж өгөх боломж нь хэр байгаа юм?

-Үндсэн хуулинд ерөнхий зохицуулалтууд л бий. Миний өөрчлөх ёстой гэж яриад байгаа бүх зүйлүүд органик хуулин дээрээ байгаа. Тухайлахад, УИХ-ын бүтцийн байгууллагуудын удирдлагыг УИХ-ын дарга томилно гэсэн зохицуулалт Үндсэн хуулин дээр байхгүй. Тэгэхээр өөрчлөх бүрэн боломжтой. Гол нь, цаашид УИХ яаж төлөвших ёстой юм бэ гэдэг зарчмын асуудлыг нэр бүхий гишүүд ярьж байгаа юм. Түүнээс биш хэн нэг хүн рүү дайрч, субьектив байдлаар асуудалд хандаагүй гэдгийг л олон нийт маань сайн ойлгох хэрэгтэй байна. Хувь гишүүнийхээ зүгээс би ингэж л хичээж ажиллаж байгаа. Ер нь Монгол Улс хэдэн төрийн өндөрлөгтэй болсноо тоолох цаг нь болсон.  Сэтгүүлч та хэд гэж бодож байна?

-Төрийн гурван өндөрлөгөөс гадна 76 сайдтай.

-Тэгж хэлж болно. Гишүүд төсөв хэлэлцэх үед зарлагыг хэт нэмэгдүүлж, өргөн баригдсан хувилбарыг хэт өөрчлөх байдлаар давуу эрх эдэлдэг. УИХ-ын гишүүн бүр сая тойрог дээрээ 8 тэрбум төгрөг төсөвлүүллээ. Энэ нь өөрөө 76 сайдтай болсныг харуулж байгаа юм. Дээрээс нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд, үүнийг нь албан бус байдлаар Ерөнхнхийлөгч давхар тэргүүлдэг. Үүний хажууд УИХ гээд дангаараа асар их эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага байна. Дахиад УИХ-ын дарга гэдэг бие даасан инститүци гараад ирсэн. Эцсийн шийдвэр гаргадаг цэц нь яг аль засаглалдаа орох нь мэдэгдэхгүй асар өндөр эрх мэдэлтэй. Бас нэг бүтэц. Дээд шүүх, АТГ ч бас. Асар олон толгойтой, стандарт бус яваад байгаа нь буруу.Тэгэхэд гадны улс орнууд парламентын засаглалтай, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай л гэж хоёр ангилагдаж байна. Энэ стандарт руу бид орох ёстой. Эдгээр асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй байна. Хоёр жил шахам үргэлжилж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн тэмцэл чинь энэ бүх засаглалын буруу жишгийг нураая гэдэг зарчим руу л чиглэж байгаа юм.

-Одоо харин та худлаа яриад эхэллээ. Миний харж байгаагаар та бүхний гол зорилго бол УИХ, АТГ, Монголбанкны даргыг авах явдал. Тийм учраас л та бүхэн улайраад тэмцээд байгаа юм биш үү?

-Би сая хэлсэн.Олон засаглалын ойлгомжгүй бүтцийг ойлгомжтой байдлаар өөрсдөдөө ашиглаж байгаа хүмүүстэй л тэмцэж байгаа. Хувь гишүүнийхээ зүгээс АТГ-ын даргыг өөрсдөөсөө тавьчихъя гэсэн ямар ч бодол алга.  Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой органик хуулиуд дээр гарсан алдаа мадгуудыг өөрчлөх ёстой. Энэ бүхнийг засах хэрэгтэй гэсэн УИХ-ын залуу гишүүний зүгээс л асуудалд хандаж байгаа. Би байр сууриа өмнө нь тодорхой хэлсэн.

-БИДЭНД 38-УУЛАА ЦУГЛАРСАН ТОХИОЛДОЛ БАРАГ БАЙХГҮЙ-

-Та эдгээр тэмцэл явуулж байгаа гишүүдийнхээ дунд байгаа. Та бүхний тэмцэл нь том утгаараа зөв шиг мөртлөө хэт поп, олон нийтийг үймүүлэн талцуулсан шинжтэй, ойрын зайны пиартаа анхаарсан байдалтай байна. Та хуульч хүнийхээ хувьд тэдэнд юу гэж зөвлөдөг юм?

-Би адилхан УИХ-ын гишүүн байж, тэр хүмүүсийн хийж буй үйлдэлд үнэлэлт өгөх ёсзүйн эрх байхгүй.  Ер нь бол энд хоёр гарц бий. Нэгдүгээрт, улстөрийн акциудын үр дүнд УИХ-ын дарга ажлаа өгөх нэг гарц байна. Дараачийн УИХ-ын дарга нь төвийг сахьсан байдлаар ажиллаж, хууль тогтоомжуудаа цэгцлэх арга бий. Хоёрдугаар гарц нь, хууль тогтоомжийн хуульд нийцүүлээд, УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргын эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих явдал. Яаралтайгаар өргөн барингуутаа хоёр талаасаа хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Тэгээд өөрчлөлт хийснийхээ дараа УИХ-ын даргын асуудлыг олонхын саналаар шийдэх зарчим дээр нэгдэх  боломж гарц байгаа. Би ингэж л харж байна.

-МАН-ын 27/38-ын бүлгийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Энэ асуудлаа уулзалтын үеэр ярьсан уу?

-Уулзалтаар хоёр талаасаа нэг, нэг маш хатуу шаардлага тавьдаг. Нэг нь, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. Нөгөө тал нь, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахгүй гэсэн зүйл л ярьдаг. Тэгэхээр дундын хэлэлцээрт орно гэдэг нь их төвөгтэй юм билээ.Гэхдээ ойлголцлын хэлбэр лүү орно гэдэг найдаж л байна. Ер нь гадны ардчилал өндөр хөгжсөн орнуудад нам дотор ийм үл ойлголцол их гардаг юм байна лээ. Энэ тохиолдолд “Ойлголц бас дахин ойлголц”гэсэн зарчим л барьдаг.

-Та хувь хүнийн субьектив асуудал ярихгүй гэсэн. Тантай УИХ-ын даргын асуудлаар ярилцаж байгаа учраас хоёр субьектив асуулт асуухаас өөр арга алга. Бойкот хийж буй гишүүд Ерөнхий сайдын өрөөнд цугларч, “Ер нь  арай дэндлээ. Бойкотоо зогсооё” гэтэл Ц.Нямдорж сайд уурлаж, “Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгана” гэж хэлсэн нь үнэн юм үү?

-Үгүй. Ер нь бид 38-уулаа цугларсан тохиолдол бараг байхгүй. Тэр дундаа Ц.Нямдорж сайд тэгж хэлснийг би огт сонсоогүй юм байна.

-Тэгвэл та бүхэн дотооддоо “М.Энхболдыг огцруулсны дараа Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарт УИХ-ын даргын суудлыг өгье” гэж амлаад, Засгаа авч үлдсэн нь үнэн үү?

-Огт байхгүй. Би тийм зүйл сонсоогүй. Тэгж амласан гэж хардаж байгаа бол амласан хүнээс нь асуух хэрэгтэй. Ер нь би албан тушаал хуваарилах асуудалд оролцоод байдаггүй. Би намын Удирдах зөвлөлд ч байдаггүй. Би бол тойргоос сонгогдсон жирийн гишүүн.

-Гишүүн ээ,таны ард танд саналаа өгсөн тойргийн иргэд байгаа. Та тэднийг парламент дээр төлөөлдөг. Гэтэл УИХ-ын чуулган хуралдахгүй дөрвөн долоо хоночихлоо. Таны сонгогчдын дуу хоолой тэнд гарахгүй дөрвөн долоо хоночихлоо. Энэ утгаараа таны бойкот хийж байгаа чинь хувь гишүүний хувьд зөв үйлдэл үү?

-Хоёулаа бүр эхнийхээ ярьсан зүйл рүү л очно. Үндсэн хуулийн 1.2-р хэсэг төрийн үйл ажиллагааны үндсэн зургаан зарчмыг зааж өгсөн байдаг. Хууль дээдлэх, ардчилал ёсны,  шударга ёсны, тэгш байдлын, үндэсний эв нэгдлийг  хангах зарчмууд байдаг. Яг таны хэлж байгаатай адил. Би тэр тойргоос сонгогдсон нэгж гишүүн. Чуулганы танхимд сууж байгаа 76 гишүүн яг адилхан саналын эрхтэйгээр төрийн  үйл ажил ажиллагаанд оролцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж, энэ зарчмуудыг тухайн үеийн Үндсэн хуулинд суулгаж өгсөн. Гэтэл өнөө цагт энэ шударга ёсны зарчим алдагдаад байна. Ёсзүйн хэм хэмжээ зөрчөөд байгаа УИХ-ын дарга та ажлаа өг гээд УИХ-ын 40 гишүүн шаардаж байхад нэг тойргоос сонгогдсон нэг гишүүний саналаас давахгүй байна. Энэ чинь өөрөө шударга ёсны зарчмыг хангах ёстой Үндсэн хуулийн үндсэн зургаан зарчмын нэгийг зөрчиж байгаа юм. Тийм учраас  би Үндсэн хуулийн зарчмын хүрээнд энэ бойкотод нэгдэж орсон.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН