2018.12.17

"Оюутолгой"-н гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсан ч хэлэлцүүлэг нь хүлээгдсээр байна

УИХ-аас энэ оны 3 сарын 23-ны өдөр "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах" үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан билээ. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж, гишүүдэд Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаж буй. 

Эргэн сануулбал энэ оны 3 сард Оюутолгойтойн гэрээтэй холбогдуулан албан тушаалтнууд хоригдсон. Цаашлаад, Оюутолгойн гэрээ монголын талд ашигтай байсан уу? гэх асуулт урган гарч ирсэн юм. Тиймээс Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүд үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байж болох эсэх, гэрээ хийхдээ алдаа, дутагдал гаргасан эсэхийг шалгахаар тус ажлын хэсэг анх байгуулагдаж байсан. 

Ажлын хэсэг 5 дэд хэсэг болон хуваагдаж, олон сар ажилласны эцэст санал дүгнэлтээ эцэслэн гаргаж, УИХ-д танилцуулахад бэлэн болоод байгаа аж. 

Харин Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва энэ сарын 3-нд асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх албан бичгийг байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт өгсөн ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан одоог хүртэл хүлээгдэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар: "Оюутолгойн ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцүүлэх гээд 2018.12.03-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны даргад хүргүүлсэн. Улс орны өмнө тулгамдсан асуудлаа улстөржилгүй шийдэхийг хүлээсээр 14 хонож байна. Цаашаа хэр удаан хүлээхээ ч мэдэхгүй сууна" хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.