2018.12.19

monitoringА.Ундраа: Маш түгшүүртэй байдалтай байна

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хуралдаж байна. Хуралдаан хаалттай болж буй бөгөөд Тусгаар тогтнолын байр руу Бага хурлын гишүүдээс өөр хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Хамгаалалт өндөр байгаа бөгөөд хурал ихээхэн ширүүн уур амьсгал дунд болж байна.

Харин хурлын гадна хэн, хэн ямар байр, суурийг илэрхийлэв гэдгийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА: 200 БОКСЫН ТАМИРЧИНГ АВЧИРСАН БАЙНА 

-УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Намын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүний хувиар энэ санал хураалтыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ шийддэг. Бага хурлаар шийддэггүй. Намын Бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү түлхэж, турхирч болохгүй гэдэг байр, суурийг илэрхийлчихээд гарч ирлээ. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудал УИХ-ын эрх мэдлийн асуудал. Намын Бага хурлын гишүүд хууль зөрчихвий гэсэн болгоомжилж байна. Би намынхаа Бага хуралд олон удаа оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хамгаалалтын хоёр ч компанийн ажилчин ирсэн байна. Энэ компаниудтай хэн гэрээ хийсэн юм. 200 орчим боксын тамирчинг авчирсан гэж байна. Яагаад тамирчдыг авчрах болов. Хэнийг нь, хэнтэй нь маргалдаан тэмцэлдээнд уриалаад байгаа юм. Маш түгшүүртэй байдалтай байна. Нэр бүхий гишүүдийг намаас хөөх эсэхийг ажиглаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ НАМААС ХӨӨХ АСУУДАЛ ЯРИГДАНА 

-Би УИХ-ын даргыг огцруулахыг дэмжсэн саналтай байгаа. Өнөөдөр нам дотроо хариуцлагын асуудлыг ярих гэж байна. Намын эв нэгдэл нэрээр болохгүй, бүтэхгүй асуудлыг олон жил хаацайлж ирсэн. Тэр идээ бээрийг гаргах гэж байна. Нэр бүхий гишүүдийг намаас хөөх асуудал яригдана.

НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН: ХЭРҮҮЛЭЭ ЗОГСООЖ АЖЛАА ХИЙЕ

-Ард иргэд утаанд уушиг, тархи нь мансуурч байхад энэ хэрүүл маргаанаа яаралтай зогсоож ажлаа хийе. Хууль зөрчсөн үйлдэл байвал хууль хяналтын байгууллага нь даруйхан шалгаад шийдвэрлэ. Амиа, нэрээ бодож биш намаа ард түмнээ бодож ажлаа явуулахгүй бол энэ хагаралаас болж улс орны ажил зогслоо. Өнөөдрийн хурлаар энэ асуудлыг цэгцлэх шаадлага байна. Түүнээс цааш улс орны, нийслэл хотын асуудлыг ярьж бүтээлч ажлыг хийх зайлшгүй шаардлага бий байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудал болон хэлэлцэж, ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай олон ажил байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА: ШУДАРГА ЁСНЫ ТАЛД ШИЙДВЭР ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Бага хурлын гишүүд үгээ хэлсний дараа тодорхой шийдвэр гаргах байх. Ухаантай зөв шийдвэр гаргах ёстой. Бага хурлын гишүүд аль нэг фракцийн талд орж биш сэтгэл, зүрхний үгээ хэлэх хэрэгтэй. Монгол улсын эрх ашгийн төлөө шийдвэр гаргах ёстой. Намын бага хурал ард түмний нүдээ чилтэл харж байгаа шударга ёсны талд шийдвэр гаргана гэж бодож байна хөдөө орон нутгаас зориод ирсэн хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсох ёстой. Нэг фракц бүлэглэлийг төлөөлсөн юм шигээр байж болохгүй.

Т.ХУЛАН