А.Ундраа Ж.Бат-Эрдэнэ Ж.Энхбаяр С.Амарсайхан Ж.Ганбаатар Ё.Баатарбилэг 2018.12.19 | Рояаль

МАН дөрвөн асуудлаар хуралдана

МАН-ын бага хурал өнөөдөр боллоо. Бага хурлаар бага хурлын гишүүдийг нөхөн томилох, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон УИХ дээр үүсээд байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна. Эдгээрээс гадна МАН-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал ихээхэн анхаарал татаж байна. Өмнө нь МАН-ын дарга У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс намын бага хурлыг удахгүй зарлан хуралдуулж, нэр бүхий хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байдаг. 

УИХ-ын гишүүн А.Ундраа: УИХ-ын даргыг албан тушаалаа өгөх эсэх дээр хууль бус санал өгөх талаар намын дарга ярьж байна. Намын бага хурлын гишүүдийг хууль зөрчих үйлдэл рүү турхирч болохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын даргыг томилох, огцруулах асуудал хуулинд байгаа. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдэх ёстой болохоос хууль зөрчсөн байдлаар санал хураалт явуулж болохгүй. Маш олон намын бага хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалаттайгаар явагдаж байгаагүй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: АТГ намайг дуудаж асуусан нь үнэн. Булган аймаг дээр ЖДҮ-ийг хөгжүүлье гэж би их ярьлаа. 4 жилийн дараа хашаа, байшин будсанаараа хийсэн ажлаа дүгнүүлдгээ больё гэсэн. 2016 оны сонгуульд орохдоо хийсэн ажлаа ард түмний амьдралаар дүгнүүлье гэж байсан. Би УИХ-ын гишүүн болоод ЖДҮ их ярьсан. Үүний үр дүнд Булганд ганц сүүний үйлдвэр бий болсон. Үүнийг над дээр нааж байна. Өчигдөр 3-4 УИХ-ын гишүүн очсон. Намын дүрмэнд хөөдөг, туудаг зүйлээ болсон. Ардчилсан нийгэмд нээлттэй байх ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Намаас гаргасан улстөрийн шийдвэрийг улстөрийн албан тушаалтан дагадаг. Өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн урт хугацааны маргааныг шийдвэрлэх эцсийн шийдвэр намын бага хурал дээр гарна. Олон түмнээрээ хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн бодолтой байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Намын даргын илтгэл тавьлаа. УИХ-ын даргатай холбоотой асуудал яригдлаа. Хурлын дотоод журмынхаа дагуу энэ асуудал хэлэлцэгдээд явна гэж бодож байна. Хотын даргын асуудлыг энэ сарын 28-ны хурлаар хэлэлцэхээр тогтсон. Тэрнээс наана намын шийдвэр гарах ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төрийг гацаанаас гаргая гэж хуралдаж байна. Намаас сонгогсдон 65 гишүүнээс болж гацаанд орсон байна. Одоогоор хурал эхлээд, намын даргын илтгэл явж байна. Хурлын уур амьсгал тайван байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 60 тэрбумын асуудал, ЖДҮ-гийн асуудал гээд нийгэмд аль аль нь шүүмжлэл дагуулж байна. Намын бага хурлаас ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдэг талаар гишүүд байр сууриа илэрхийл байна. Гишүүд эвлэлдэх талаасаа ярьж байна. УИХ-ын үйл ажиллагаа эв нэгдэлтэй байж явна. Энэ асуудлаа нам дээрээ ярих нь зүйтэй.