Ж.Мөнхбат 2018.12.23 | News.mn

Ж.Мөнхбат: МАН-ын бодлого уналтад орсон

Ж.Мөнхбат: МАН-ын бодлого уналтад орсон

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2018.12.23/ УДЭТ-т болж байна.

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн 300 төлөөлөгч  оролцож байна. Тус холбооны зорилго нь Монгол Улсын хөгжил дэвшил эв нэгдлийн баталгаа болсон намынхаа гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, намынхаа дотоод ардчиллыг бий болгох, мөн намынхаа эв нэгдлийг тууштай дэмжих зорилготой аж.

Хуралдааны үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Улс төрийн өнөөгийн амьдрал идэр  есийн хүйтнээс ч хүйтэн байна. 100  жилийн түүхтэй МАН хүндхэн цаг үеийн  өмнө ирээд байна. МАН-д хэзээд сулрах эрх байхгүй гэдэгт би  итгэж явдаг.  МАН ард түмнийхээ итгэлийг олж авах гэж дандаа зүтгэж явсан. Мөн хэлсэн амлалтынхаа эзэн нь болж байснаас бус чөдөр нь болж явсангүй ийм нам. Гэтэл өнөөдөр намд маань сөрөг нөхцөл байдал бий болчихсон. Энэ нь улмаар монгол төрийн тээг гацаа болж хувирах шинжтэй байна. Тиймээс энэ бүхнийг бид эрүүлээр, шударгаар олж харж ярих ёстой. Манай намын дотоод талцлаас үүдэж өнөөдөр монгол төрийн ажил гацаж, байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасалдаж чуулган хуралдаж чадахгүйд хүрээд байгаа учраас өнөөдрийн энэхүү хуралдааныг хийж байна. Чин үнэнийг хэлэхэд, МАН ард түмнийхээ итгэлийг тодорхой хэмжээгээр алдаж мөн энэ хэрээр нэр хүндээ унагааж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн Монголын ард түмний ялалт байсан. Гэтэл сүүлийн үед манай намын зарим нөхөд МАН-ын ялалт байсан мэтээр андуурах боллоо. Монгол Улсад хохиролтой бүхэн МАН-д ашиггүй.

МАН түүхэндээ анх удаа сөрөг хүчинтэйгээ нийлж Засгийн газраа унагаасан. Мөн түүхэндээ ЖДҮ-чдийн Засгийн газар болон нэрлэгдэж түүхэндээ анх удаа сөрөг хүчний гуравхан кнопны дэмжлэгтэйгээр хариуцлагаа үүрэлгүй үлдлээ. Мөн түүхэндээ УИХ-дахь намын бүлэг нь хоёр хуваагдаж задарлаа. Түүхэндээ анх удаа өөр намтай эвслийн Засгийн газар байгуулж байгаа юм шиг нам дотроо хоёр талаасаа зөвшилцөж сайд нараа томиллоо. Түүхэндээ анх удаагаа УИХ-дахь олонхийн бүлэг зөвшилцөл ойлголцлын ажлын хэсэг байгуулж ажиллаж эхэллээ. Түүхэндээ анх удаагаа олонхийн бүлгийн хагарлаас үүдэж УИХ-ын үйл ажиллагаа гацлаа. Энэ бүхэн урьд өмнө нь МАН-д байгаагүй улс төрийн өрнөл, үйл явдал, үзэгдэл.  Бидний мэдэх МАН мөн үү гэж өөрсдөөсөө асуухад хүрч байна. Бага хурал дээр  хэлсэн манай намын даргын илтгэлд дурдсанаар ”МАН олигархжсан, мафижсан, компанижсан нам болчихсон юм байна” гэж намын дарга У.Хүрэлсүх  үндсэн илтгэлдээ хэлсэн. Манай намын бодлого уналтад оржээ.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон тэр ялалтынх нь төлөө тавхайгаа эргэтэл зүтгэсэн жирийн гишүүд дэмжигчдээсээ ингэж хэлснийхээ төлөө намын дарга уучлал гуйх ёстой. Мөн МАН олигархжсан, мафижсан, компанижсан нам болсон гэдгээ баримтаар нотлох ёстой.  Хэрвээ нотолж чадахгүй бол намынхаа гишүүд, дэмжигчдээс уучлах гуйх ёстой. Би хувьдаа олигархжсан, мафижсан, компанижсан намын гишүүн байхыг хүсэхгүй байна. Яг надтай адилхан МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид үүнийг хүсэхгүй. МАН бусад намуудын алдааг давтаж түүний араас нь маш хурдацтай явж байж магадгүй юм. Дээгүүрээ эрх мэдэл, албан тушаалын төлөө хэмнэлдэн тэмцэлдэж байгаа нь үнэн.  Нам дотроо үүсээд буй асуудлыг бид ний нуугүй ярих цаг нь болсон” гэдгийг тэрбээр илтгэлдээ онцлов.

Хуралдааныг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Х.Болдмандал даргалж байна.

Үдээс өмнөх хуралдааны дараа Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн бол, үдээс хойших хуралдаанаар  холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон дүрэм журмыг батлах зэрэг бүтэц зохион байгуулалтын  талаараа ярилцах аж.

Ш.АДЪЯАМАА