УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэж үзэв
2018.12.25

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.12.25) хуралдаан 14 цаг 16 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ.

Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн Улсын Их Хурлын даргыг өргөдлөө өгөх хүртэл Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байсан. Тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлагыг Байнгын хороо хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн талаар гишүүдэд дэлгэрэнгүй тайлбар  өгсөн юм.

Тэрбээр энэ талаарх тайлбартаа, Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах тухай асуудлыг хэлэлцэх хоёр төрлийн дэг холбогдох хуульд байдаг. Нэгд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухайг уг хуулийн 10 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 10.3-10.7-д энэ талаар тодорхой заасан байдаг. Энэ зохицуулалтаар бол Улсын Их Хурлын дарга нас барсан, эсвэл өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн таван үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Төрийн байгуулалтын байнгынхороо уг асуудлаар хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.

Гэтэл Улсын Их Хурлын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ таван үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.

Хоёрт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр Улсын Их Хурлын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна.

Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Энэ талаар Улсын Их Хурлын даргад хариуг нь өгнө гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлаас хасаж буйг мэдэгдлээ.