Талбай дүүрэн хүн цугласан “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” жагсаал
2018.12.27

Талбай дүүрэн хүн цугласан “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” жагсаал

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” жагсаал боллоо. Өнгөрөгч 25-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг 48 жагийн дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөг хүртэл албан тушаалаасаа огцроогүй учир өнөөдрийн тайван жагсаалыг зохион байгуулж байна.

Тэдний энэхүү жагсаалыг дэмжихээр Сүхбаатарын талбайд 25 мянган хүн цугласан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж олон хүн төрийн ордонг тойрч алхав.

Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага хийж, иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалган, жагсаал болж буй хэсэг рүү оруулж байлаа.

Жагсаалыг санаачлан зохион байгуулж байгаа гишүүд индэр дээрээс байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Бид эрх чөлөөгөө авчсан ч өмч хөрөнгөө хулгайчдад алдчихаж. Монголчууд энд цугласнаар өмчөө, баялгаа буцааж авна. МАНАН бүлэглэл сонс. Монголын ард түмэн баялгаа буцаан авна гэж байна. Газрын хэвлийд байгаа баялаг нь улсын, ард иргэдийн баялаг. Монгол залуучууд маш олноороо гадаад руу явж байна. Монгол орон хоосорч байна. Яагаад гэвэл тэдэнд өмч алга, ирээдүй алга.

Тэдний бүх өмчийг МАНАН бүлэглэл дээрэмдсэн.  

Гэхдээ тэд иргэж ирнэ, Монгол Улс эзэнтэй болно. Монголд 15 орд газар бий. Үүнээс хоёрыг нь цөлмөөд дууссан. Үлдсэн 13-ыг нь ард түмэнд өгөх хуулийг бид ялалт байгуулсан өдрийнхөө маргааш гаргана. Хэрэв энэ хуулийг гаргахгүй бол Монголын ард түмэн биднийг УИХ-ын гишүүдийг ч зайлуулах хэрэгтэй. Энэ бол 40 гишүүний амлалт. Амлалтаа биелүүлэхгүй бол бүгдийг нь огцруул. Намайг ч огцруул.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-30 хэмийн хүйтэнд монголчуудыг ингэж олуулаа цуглахгүй гэж дарга бодсон. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна.

Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна.

М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна.

Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Монголчууд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж байна. МАНАН бүлэглэлийг амь бөхтэй оршин тогтнуулж байгаа хүчин зүйл нь хууль, шүүх, хяналтын байгууллагынхны бий болгосон шударга бусын хонгил юм шүү. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө АТГ, шүүх, прокурорын удирдлагын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай байхаар томилсон. “Стандарт” банк, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Төрийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд бид байнга хөндөж ирсэн. АТГ, хууль хяналтынхан хэргийг хянаж байна, шалгаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Одоо эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа. Энэ бүхэн МАНАН бүлэглэлийн гэмт хэргээ далдалдаг гинжин урвалын нэг нь энэ юм шүү. Түүнийг тасалъя.


Энэхүү жагсаалаас гаргасан шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад өгөхөөр түүний өрөөнд очсон боловч тэрбээр эзгүй байв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Гадаах жагсаал цуглаанд оролцож байгаа 25 мянган иргэний шаардлагыг өгөх гээд иртэл УИХ-ын дарга өрөөндөө эзгүй, цоожтой байгаа нь харамсалтай байна. Тиймээс Ц.Цолмон танд гардуулъя. Та УИХ-ын даргад дамжуулж, даруй хариу өгөхийг хүсье" гэлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон "Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ тухай жагсаалд оролцож буй хүмүүст хэлэхээр Төрийн ордноос гарлаа. Мөн УИХ-ын чуулганы бойкот үргэлжилнэ гэв.

Жагсаалд оролцогчид УИХ-ын дарга М.Энхболдыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж буй юм. Уг шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.