Онцгой байдлын байгууллага 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ
2018.12.28

Онцгой байдлын байгууллага 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ

Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2018 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ.  Тэрбээр, Бид бүхэн 2018 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан шинэчлэх, өөрчлөх шаардлагатай байсан бүх дүрэм, журам, зааврыг бүрэн баталж,, эрх зүйн орчны шинэчлэлтийг хийлээ.  Тухайлбал, Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээг 20 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргуулж, холбогдон гарах зардлыг жил бүр Онцгой байдлын байгууллагын төсөвт тусгаж байхаар болсныг та бүхэнд мэдээлж байгаадаа баяртай байна. Мөн 2018 онд Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын байгууллагын 10 анги салбарыг орон нутагт шинээр байгуулаад байна.

  Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр бүс нутгийн түвшинд Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг бататгах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг Ази, Номхон далайн орны 50 гаруй улсын 3500 гаруй төлөөллийг хамруулан эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдийг батлан гаргасан. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаснаар ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн  эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд  орон  нутгийн болон үндэсний цаашлаад бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулах боломж бүрдсэн” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

  Онцгой байдлын байгууллага 2018 онд гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 98,4 оноогоор буюу  “А” үнэлгээтэй биелүүллээ.

     Улсын хэмжээнд  2018 онд гарсан нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл ослоос  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.