С.Эрдэнэ: Бидний 20 гишүүн хувааж идэх гээд байгаа юм биш
2011.10.04

С.Эрдэнэ: Бидний 20 гишүүн хувааж идэх гээд байгаа юм биш

Чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнээс дараах тодруулгыг авав.
-Чуулганы нээлтийн хуралдаан дээр зарим гишүүд "Засгийн газар Оюу толгойн алдаатай гэрээ засагтун. 2011 оны аравдугаар сарын 1" гэсэн бичгийг өмнөө тавьчихсан байлаа. Энэ нь Ерөнхий сайдад өгсөн шаардах бичгийн хариуг авах гэсэн нэг хэлбэр байв уу?
-Бид Ерөнхий сайдад шаардлага тавихдаа Оюу толгой гэрээг зогсоо, цуцал гэж огтхон ч хэлээгүй. Тэр гэрээн дотор байгаа алдаатай заалтуудаа засаач гэж л хэлсэн. Тийм ч учраас энэ бичгийг өнөөдөр тавьсан юм. Оюу толгойг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бүгд л дэмжиж байгаа. Гэхдээ бид өөрсдийн баялгийг ашиглахдаа хэн нэгэнд давуу эрх олгох, өөрсдөдөө ашиггүй байдлаар гэрээ хийж болохгүй.
Энэ чинь өвөг дээдсээс минь бидэнд олгосон асар том боломж.
Үүний төлөө бид ирээдүйдээ үүрэг, хариуцлага хүлээж байгаа. Тийм болохоор Монголын төрийг төлөөлж гэрээ хийж байгаа хүмүүст ийм алдаа гаргах эрх байхгүй. Тэр утгаар нь бид шаардах бичиг хүргүүлсэн. Мордохын хазгай гэж монголчууд ярьдаг. Стратегийн ордуудаа ашиглахдаа эхнээсээ зөв яваасай гэж хүссэн. Буруу эхэлбэл Монголын ард түмэнд нөхөж болохгүй том гарз учирна.
-Шаардлагын хариуг өгөх талаар ямар нэг мэдээлэл байна уу?
-Биднийг шаардлага гардуулж өгөхөд Ерөнхий сайд их сайхан хүлээж авсан. Харилцан ойлголцож, ойлголцлын зарчмаар асуудалд хандана гэж ярьсан. Тийм болохоор Ерөнхий сайд албан ёсны хариугаа өгөх байх л гэж бодож байна.
-Хариу өгөх хугацаа нь энэ сарын 1-нд байсан байх аа?
-Аравдугаар сарын 1 амралтын өдөр таарсан. Өнөөдөр 3-ны өдөр чуулган нээж байна гэх мэт хүндэтгэхүйц шалтгаанууд байна. Энэ долоо хоногтоо багтаагаад Засгийн газраас албан ёсны хариугаа өгчих болов уу гэж бодож байна.
-УИХ-ын дарга сая нээлтийн хуралдаан дээр үг хэлэхдээ Оюу толгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх талаар хэлж байсан...
-УИХ-ын дарга 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн талд байгаа гэдэг албан ёсны байр сууриа сая илэрхийлчихлээ. Ер нь бид Оюу толгойн гэрээг байгуулсны дараа шинээр үүссэн нөхцөл байдалд тулгуурлаж янз бүрийн зүйл яриагүй. Өөрөөр хэлбэл, араас нь яриагүй юм шүү. Оюу толгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ 57 дугаар тогтоолоороо дамжуулан Засгийн газарт үүрэг өгчихсөн. Гэтэл Засгийн газар тогтоолд нийцэхгүй гэрээ хийсэн. Үүнийг л бид буруутгаад байгаа юм. Яг үнэндээ Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ бүрхэг байгаа шүү дээ.
Анх 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэж байснаа 2.5,2.6 тэрбум ам.доллар болсон.
Одоо бур 2.7 тэрбум ам.доллар болчихсон л явж байна. Энэ мэт гэрээнд олон алдаатай заалтууд орсон. Ер нь Монгол бол тусгаар тогтносон улс. Түүний УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс Ерөнхий сайд, эсвэл аль нэг яамны сайдад шаардлага өгөх, албан даалгавар хүргүүлэх, хариуцлага тооцох асуудал нь тус улсын дотоод асуудал. Гэтэл тэрхүү дотоод асуудалд гадныхан яахаараа хөндлөнгөөс оролцох гээд байгаа юм. Тэдэнд тийм эрх байхгүй. Хаа хамаагүй нэг хөрөнгө оруулагч компанийн захирал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл нэг хурал дээр хэлсэн үгэндээ Монголын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг "Шуналтахаа боль" гэж үг хэлээр дайрч, доромжлоод байх хэрэг байхгүй гэж бодож  байна.
-Оюу толгой компаниас мэдээлэл хийхдээ манай УИХ-ын гишүүдийг огт тэгж хэлээгүй гээд байна лээ?
-Тийм бол түүнийгээ нотолсон албан ёсны хариугаа бидэнд өгөх ёстой ш дээ. Одоогоор тийм хариу өгөөгүй байна. Бид Рио Тинтод хандаж, нээлттэй захидал илгээсэн. Хариу нь ирээгүй байна. Хэвлэлийнхэнд хандаж Рио Тинтогийн удирдлагуудаас мэдээлэл хийсэн байна лээ. Гэхдээ тэр бол хангалтгүй.
-Монголын талын эзэмших хувь 50-д хүрвэл ард түмэн түүнийг хэрхэн хүртэх вэ?
-Бид өнөөдөр 34 хувиа зээлээр эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, манай талын хөрөнгө оруулах хувь хэмжээ нь 800 гаруй сая ам.долларын өр болчхоод байгаа. Түүнийх нь хүүг бодохоор Оюу толгойн үйлдвэрийг ашиглалтад орохоор нэг тэрбум 500 сая ам.долларын өртэй болно. Үүнийгээ төлөхөд дахин хугацаа орно. Ингэж байтал энэ 34 хувь манайд хэзээ ашгаа өгөх юм.

Бусад улс орон 34 эсвэл 50 хувиа орд эзэмшигчийн хувьд үнэ төлбөргүй авдаг.
Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагчаасаа тодорхой хувийг хувааж эзэмшдэг бэлээхэн жишээ байна. Гэтэл Монгол яахаараа хамгийн болж бүтэхгүй гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Ядаж яагаад 34 хувиа ямар нэг өр авлагагүй, эсвэл шууд 34 хувиа эзэмших талаар шийдэж болоогүй юм.
Хэрэв Монголын талын эзэмших хувь 50 болчихвол бид 20 гишүүн хувааж идэх гээгүй юм шүү. Бид нарт олдох ч үгүй. Жирийн иргэдийн адилаар л ногдол ашгийн хувьцаа нь ирнэ. Энгийн иргэн Батад 10 хувь ирж байгаа бол бидэнд ч гэсэн мөн тийм хувь л ирнэ, Монгол Улсын иргэнийхээ хувьд. Түүнээс бус зарим хүмүүсийн ярьж байгаа шиг бид хувааж идэх гээд байгаа юм биш.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.