Б.Ганхуяг 2018.12.31 | peak.mn

1072 хувьцаа мэдээллийн төвд давхардсан тоогоор 1.25 сая иргэн ханджээ

1072 хувьцаа мэдээллийн төвд давхардсан тоогоор 1.25 сая иргэн ханджээ

Төрөөс Эрдэнэс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа билээ. Үүнийг дагаад дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт ч өрнөх юм.

"Эрдэнэс Таван толгой" IPO хийх сургаар иргэдийн идэвх нэмэгдсэн бөгөөд тус компанийн байгуулсан иргэдийг байнгын мэдээллээр хангах 1072 хувьцаа мэдээллийн төвийнхөн 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт ажиллан, давхардсан тоогоор 1.25 сая иргэнийг мэдээллээр хангаж, зөвлөгөө өгчээ. 

Ингэснээр тус компани 2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэснээр албан ёсоор  хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болоод байгаа юм. 2018 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн биелүүлжээ. Түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 

Цэвэр ашиг 670 тэрбум төгрөгт хүрч гадаад, дотоодод ямар ч өр төлбөргүй болсон талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.

Ирэх 2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлэх ажээ.

Мөн олборлолт хүчин чадлаа 18 сая тонн-д хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, Говийн ногоон хэрэм төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгож, бизнесийн бүхий л салбарыг дэмжсэн олон ажлуудыг ирэх онд төлөвлөн зохион байгуулахаар төлөвлөжээ.