С.Бямбацогт 2018.12.27 | Vip76.mn

С.Бямбацогт гишүүн Ховд аймгийн Воллейболын холбооны тэргүүн болжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт спортлог нэгэн. Спортын төрлүүд, тэр дундаа воллейболын хорхойтон тэрээр долоо хоногийн нэг өдөр спорт зааланд сагс, гар бөмбөг тоглодог хэмээн ярилцлагандаа дурдсан нь ч бий.

Тиймдээ ч сонгогдсон тойрог болох Ховд аймагтаа спортын тэмцээн, уралдаан тогтмол зохион байгуулдаг. Энэ жил Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагсан бөмбөг, воллейбол, шатар, ширээний теннис зэрэг төрлүүдээр спортын наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулсан байна.

Харин энэ сарын 25-нд тэрээр Ховд аймгийнхаа Воллейболын холбооны тэргүүнээр сонгогджээ. "Ховддоо воллейболын спортыг эрчимтэй хөгжүүлэх, өсвөр үе, идэрчүүд, насанд хүрэгчид гээд бүх насны ангилалд баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шүүгч бэлтгэх, сар бүр тогтмол тэмцээн зохион байгуулах чиглэлд эн тэргүүнд анхаарна" гэдгээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт фэйсбүүк хуудаснаа бичжээ. Мөн тэрээр энэ спортод чин сэтгэлээ өгсөн хүний хувьд Ховдынхоо нэрийг воллейболын спртоор гаргахын төлөө хичээнэ гэдгээ онцолсон байна.