Амарсайхан.С 2019.01.02 | МҮОНТВ

Нийслэлчүүд шинэ оноо олноор хамтдаа угтав

Нийслэлчүүд шинэ оноо олноор хамтдаа угтав

 Он солигдох мөчийг нийслэлчүүд Д.Сүхбаатарын талбайдаа угтдаг уламжлалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн он солигдох мөчид төв талбайд боллоо.

Энэ удаагийн баярын цэнгүүнд Хүүхэлдэйн театр, УДБЭТ-ын уран бүтээлчид, “Драм 3” хамтлаг, “Нюанс”, “Увертюра” зэрэг олон хамтлаг дуучид оролцож уран бүтээлээсээ толилуулж нийслэлчүүддээ шинэ оны бэлэг барилаа.Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон эрүүл мэнд, онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн байгууллагад ажилладаг байгууллагын аварга, оны шилдэг ажилтнууд төдийгүй эрхэлсэн салбартаа амжилт гарган нийслэл Улаанбаатар хот, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн урлаг спортын гавьяа байгуулсан Нийслэлийн иргэд оролцлоо. Айлчлын ирж буй шинэ оноо нийслэлийн Төв талбайдаа угтахаар олон иргэд хүрэлцэн ирсэн байлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан талбайд цугласан болон цэнхэр дэлгэцээ үзэн суугаа нийслэлчүүддээ хандан хэлсэн үгэндээ

“Цагийн зүү 12.00-ыг зааж, Та бидний ажил, амьдрал бас нэгэн шинэ хуудас нээгдлээ. Он солигдох энэ цаг мөчийг хамтдаа өнгөрүүлж буй нийслэлчүүд Та бүхэндээ шинэ оны халуун мэнд өргөн дэвшүүлье. Аливаа ажлыг хийхдээ цаг хугацааг маргааш хэмээн хойш тавилгүйгээр, бэрхийг сөрж, боломжийг ашиглан бүтээлч, хариуцлагатай ажиллахыг нийт нийслэлчүүдээ, иргэд оршин суугчиддаа уриалж байна. Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэв.