УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлэв
2018.12.31

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлэв

Хийж бүтээснээр арвин хуучин оноо үдэж хүсэл мөрөөдөл дүүрэн шинэ оноо угтан буй энэ торгон агшинд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийт ажиллагсад, гэр бүлийнхэнд нь шинэ жилийн мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхны хувьд алсран одож буй 2018 оноо  амжилт бүтээлээр арвин үдэж, айсуй 2019 оноо урам зориг дүүрэн угтаж байна. 2018 онд бид бүх төрлийн тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж, тэтгэврийн зээлийн хүүг 3 пунктээр бууруулан, 2014 оноос хойш огт хөдлөөгүй төрийн албан хаагчдын цалинг 8-32 хувиар өсгөсний дотор хамгийн бага цалинтай, ажиллах орчин нөхцөл хүнд, ачаалал өндөртэй бага ангийн болон цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчилж цалинг бусад төрийн албан хаагчдынхаас илүү нэмлээ. 2019 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх саналыг боловсруулан  шаардлагатай  267 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулахын хамт эмч, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх, ахиулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Түүнчлэн 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 000 төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал тутам мөнгөн тэтгэмж олгож, хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэгдүүлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулж,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахад бэлэн болж, тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн спорт цогцолборыг  барих асуудлыг шийдүүлэв. 

Өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарч мэргэжлийн боловсрол, сургалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог 42 хувиар буурууллаа.

Салбарын хууль эрх зүйг шинэчлэх ажлын хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлсний дүнд Хөөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхлээд байна.

Энэ бүхэн 2018 онд та бидний салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлын маань нэгээхэн хэсэг. Ирж буй 2019 онд эрхэм та бүхнийхээ хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд эхэлсэн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлж, үр өгөөжийг нь ард түмэндээ хүртээн, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн тодотголтой хувь нэмрийг бодитойгоор оруулна гэдэгт салбарын сайдын хувьд итгэл дүүрэн байна.

Та бүхэн минь шинэ ондоо амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай. 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ